Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.04.27-28/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 512 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Нийт дуудлага мэдээллийн 13 нь хүн гэмтсэн, 16 нь эд материалын хохиролтой осол байсан бол 110 осол, хэргийн дуудлагыг даатгалын байууллагаар шийдвэрлүүлсэн байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 24 хүн гэмтэж бэртсэн ба 2 болон түүнээс дээш хүн гэмтсэн 5 зам тээврийн осол бүртгэгджээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
- 04.27-ны өдрийн 17.30 минутанд ХУД-ийн дүүргийн нутаг Сонсголонгийн гүүрний замд Sinotruk маркын автомашины жолооч нь H.Starex, T.Pruis, T.Ractis зэрэг маркийн 5 автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтсэн,
- 04.28-ны өдөр 20 цагийн орчим ЧД-ийн нутаг Телевизийн хуучин автобусны буудлын замд Nissan Note маркын автомашины жолооч нь 53 настай, 9 настай, 30 настай 3 хүнийг мөргөсөн зэрэг ослуудад тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.
Бүртгэгдсэн нийт ослын 7 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 21 осол нь мөргөлдөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.