Жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулна

2019 оны 04-р сарын 26 өдөр, 08 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9222bc_MPA_PHOTO_2019-3-2248_x9741

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг 29 жилийн дараа МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор 3-р сарын 24,25,26 өдөр зохион байгуулагдана. Өчигдөр Нийслэлийн төвд талбайд  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын нээлтэд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон албаны бусад зочид, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ удаа 116 байгууллагын 4400 гаруй албан хаагч хамрагдсан юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төр захиргааны байгууллага болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршиж байна.

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төсөвлөн, зориулалтын дагуу зарцуулж хэвших ёстой юм. Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ цаашдаа Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно” гэв.

МУ-ын Засгийн газрын яам, төрийн байгууллагууд гамшгийн үед чиг үүрэгтэй ажилладаг. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гамшиг болсон хэсгийн хүн амыг ус, хүнсээр хангах чиг үүрэгтэй юм. Энэ хүрээнд Өнөөдөр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрийн сургуулийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Өвөр гүнтийн зусланг нүүлгэн шилжүүлэх дадлагын ажилтай танилцав. Тус хорооны энэхүү үйл ажиллагаанд 546 хүн хамрагдсан байна.  Мөн ХХААХҮ-ийн дэд сайд Сүхбаатарын талбайн зүүн талд “Цeнтрал таур” -ын урд талбай, “Мэргэжлийн ангийн Эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн дадлага сургууль”-тай танилцав.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх