Найруулагч Т.Алтантуяа, В.Агар нар хамтран “Хөх тавилан” уран сайхны кино бүтээж, гол дүрд нь мисс А.Баярцэцэгийг тоглуулжээ.
Киноны ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нар ажиллаж, Говь-Алтай аймгийн Цогт сумын Ээж хайрхан ууланд зургийг авсан байна.
А.Баярцэцэг “Төрийн шагналт, зохиолч Д.Норов гуайн “Хөх тавилан” туужаас сэдэвлэсэн “Хөх тавилан” кино маань удахгүй нээлтээ хийнэ. Энэ кинонд гол дүрийн бүсгүй Бадамцэцэгийн дүрийг бүтээлээ. Зохиолын хувьд, хүний дотоод сэтгэлийг хөндөхүйц, үнэхээр гайхалтай болсон байсан. Кино зургийг ээж, аавын минь төрсөн нутаг Говь-Алтай аймагт авсан. Мөн гавьяат жүжигчин А.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал гээд Монголын кино урлагийн ахмад уран бүтээлчдээс гадна, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр зэрэг чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа баяртай байна” гэв.