“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

2019 оны 04-р сарын 22 өдөр, 16 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
f60814c86fc00b19044221b4ab69d44f76873873

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг албан ёсоор улс орон даяар өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм. Эхний ээлжид буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулна.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх юм. Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгүүдийг сонгон шалгаруулах ажлыг өнгөрсөн сарын 18-27-нд зохион байгуулж, 161 эмнэлэгтэй гэрээ байгуулаад байна. Тодруулбал, сонгон шалгаруулалтад нийслэлд 142 шүдний эмнэлэг оролцож, 115 нь тэнцсэн бөгөөд үүнээс 97 нь гэрээ байгуулжээ. Харин орон нутгийн хувьд шалгаруулалтад 101 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 84 нь тэнцэж, үүнээс 64 нь гэрээ байгуулсан юм.  Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллыг гол шалгуур үзүүлэлт болгосон байна. Насны шаардлага хангасан хүүхдүүд гэрээ байгуулсан эмнэлгүүдээс сонгон харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.

Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 2-12 насныхны дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэсч байна. Тодруулбал, 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 гарсан байна. Хүүхдийн шүдний цоорол чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт  өвчний суурь шалтгаан болж байна. Иймд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэхийн тулд Эрүүл мэндийн яам “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 2018 оны наймдугаар сарын 15-нд батлуулсан. Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалт хамгийн их үр ашигтай байдаг бөгөөд хамгийн багаар тооцоход нийгэмд арав дахин их үр ашгийг эргэн авчирдаг болохыг судалгаагаар тогтоожээ.



Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх