Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар БНСУ-ын жүдоч Ан Чан Римыг цэвэр ялж Азийн аварга болсон бол 81 кг-д О.Ууганбаатар Узбекистаны жүдоч Ш.Болтабоевыг ялснаар энэ удаагийн тивийн АШТ-ээс манай багаас хошой алтан медальт тамирчид төрлөө. Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч мөнгөн медаль хүртэж өмнөх өдрийн мөнгөн медалийг ихэрлүүлсэн юм.
Монгол Улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд 2019 оны Ази тивийн АШТ-д хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.