Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 9 дугаартай зарлиг буулгасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдаж, Монгол төрийн хаан сууринд заларсан, төр шашныг хослон баригч, наймдугаар Богд Жавзандамба хутагт нь өнө эртнээс улбаатай төрт улс, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүн мөн” гээд ойн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Нийслэлийн ЗДТГ, Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академи, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд, Үндэсний номын сан, Богд хааны ордон музей зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөлд гардуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Ерөнхий Сайдын 26 дугаар захирамж 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гарч ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан.
Тэгвэл өнөөдөр мөн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нар хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.
Санамж бичгийн хүрээнд хоёр тал Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд хоёр байгууллагад хадгалагдаж буй наймдугаар Богд Жавзандамба хутагттай холбогдох баримт материалыг эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэнд оруулах, ном товхимол хэвлүүлэх, олон нийтийн хүртээлд хүргэх ажлыг хамтран зохион байгуулах юм.