Өнөөдөр “Хөшөө дурсгалаа хамгаалах олон улсын өдөр”

2019 оны 04-р сарын 18 өдөр, 10 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57104204_2315696668706668_3923940554655662080_n

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ ХУУЧНЫ 
ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ ХАМГААЛАХ ҮЙЛСЭД

Их зохиолч Д.Нацагдоржийн олон талт бүтээлч үйл ажиллагааны нэг хэсэг нь Монгол Улсын түүх судлалын ажлыг у¬дирдан зохион байгуулж, судалгаа шинжилгээний ажил хийх, түүхийн судалгааны баазыг тэлж, Монголын түүхэнд холбогдох эх хэрэглэгдэхүүнийг бүртгэх, цуглуулах, хэвлэн нийтлүүлэх, харь хэлний сурвалж, судалгааны бүтээлийг орчуулах, түүх соёлын дурсгалыг сахин хамгаалах, ард олны түүхийн мэдлэг ухамсрыг дээшлүүлэхэд чиглэгдэж байжээ. Тэдгээрээс Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй архивын баримтад түшиглэн Д.Нацагдоржийн хуучины хөшөө дурсгалыг судлан шинжлэх, сахин хамгаалах талаар хийж гүйцэтгэсэн ажлыг товч танилцуулъя.

1921 оны 11 дүгээр сард Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагын анхны эх үүсгэвэр болсон Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь тус улсын соёлын түүхэнд гарсан онцгой чухал үйл явдал байлаа.

1924 онд батлагдсан “Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоо” хэмээх уг байгууллагын дүрэмд, “Эх түүхэнд холбогдох хуучин дурсгал, гэрч тэмдэг, юмсыг олон цуглуулах ба сахин хамгаална”, “Монгол газраа ба урьд монгол овогтон сууж байсан эл газар орны хуучин булш, хөшөө мэтийг оролдон шинжилнэ” гэж заасан нь хуучны хөшөө дурсгалыг судлан шинжлэх, сахин хамгаалахад шууд холбогдоно. /МУҮТА. ТБА. Х-23, Д-1, ХН-38, Х.9/.

Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан эхэн үедээ мэдлэг чадвартай боловсон хүчин, орон тооны ажилтны хувьд хүчин бүлхэн байсан тул өөр байгууллагад ажилладаг боловч эрдэм шинжилгээний ажилд дур сонирхол, авьяас билэгтэй, зохих боловсролтой залуусыг бүртгэн авч, сул оюутан хэмээн нэрлээд, өөрийн зарим ажилд татан оролцуулдаг байв. Энэ нь нэг талаар зохих мэдлэгтэй боловсон хүчнийг шинжилгээний ажилд туслалцуулах, нөгөө талаар билэгтэй залуусыг судалгааны дадлагатай болгоход чиглэгдсэн арга хэмжээ байв.

Д.Нацагдорж 1923-1925 онд МАХН-ын Төв Хороонд ажиллаж байхдаа Судар бичгийн хүрээлэнтэй холбоо тогтоож, тус хүрээлэнгийн сул оюутан болж, зарим ажилд нь оролцох болжээ.

1923 оны зун ЗОУ-ын Ленинград хотын Дорно дахины их сургуулийн гурван оюутан Монгол Улсад нэг жилийн хугацаагаар монгол судлалын дадлага хийхээр Судар бичгийн хүрээлэнд ирсэн байна. Тэдгээр оюутныг удирдан дагуулж ажиллах монгол судлалын мэргэжил, мэдлэгтэй боловсон хүчин тэр үед ховор байв. Иймд, Судар бичгийн хүрээлэнгийн тэргүүлэгчдийн 1923 оны 7 дугаар сарын 15-нд хуралдсан хуралд тус хүрээлэнтэй хамтарч ажилладаг гадны байгууллагын зарим хүнийг уг ажилд татан оролцуулах асуудлыг хэлэлцээд, “Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошууны нутагт Бүсийн чулуу хэмээх газраа бүхүй Хэсэг байшин хэмээх эвдэрхий балгасны бичигт чулууны бичгийг орос оюутан Казакевич”-ээр судлуулахад “Төв Хороо (Намын Төв Хороо)-ны нарийн бичгийн дарга Нацагдоржийг” түүнтэй хамт арван таван хоногийн хугацаагаар илгээж, уг чулууны бичээсийг “хэвлүүлэн (экстампаж хийн) авсугай хэмээн” тогтож, энэ саналаа Дотоод явдлын яамаар дамжуулан, МАН-ын Төв Хороонд тавьсан байна. Тэр үед МАН-ын II их хурал нээгдэж, Д.Нацагдорж их хурлын нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж, зав чөлөөгүй байсан боловч Намын Төв Хороо Д.Нацагдоржийг долоо хоногийн хугацаагаар уг ажилд явахыг зөвшөөрсөн ажээ. Д.Нацагдорж, В.А.Казакевич нар 1923 оны 8 дугаар сарын 2-нд Нийслэл Хүрээнээс өртөөлөн мордоод, замдаа гурав хонож, мөн сарын таванд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошууны тамгын газар, одоогийн Хэнтий аймгийн Дархан суманд хүрэлцэн очоод, маргааш нь Хэсэг байшин хэмээх хуучин балгасны туурь дээр хүрч, Бүсийн чулуу, Хэсэг байшингийн товч тодорхойлго, ерөнхий байдлын зургийг үйлджээ. Мөн тэнд байсан нэг талдаа монгол бичээстэй боржин чулуун хөшөөг илрүүлэн, байдал төрхийг тодорхойлон, арван нэгэн хэсэг болж хэмхэрснийг нь цуглуулан эвлүүлж, бичгийнх нь хуулгыг хоёр хувь буулган авчээ. Тэдний тайланд тэмдэглэснээр, уг хөшөөний урт 140 см орчим, өргөн нь 80 см орчим, зузаан нь 50 см орчим байжээ. Дараа нь тэд Бүсийн чулууны хойд талд буй Олон байшин хэмээх хулширсан балгасны туурь дээр очиж, түүний гадаад төрх байдлыг товчоолон бичиж, бас нутгийн хүмүүстэй уулзан, Хэсэг байшин, Олон байшинг хэдийд хэрхэн барьсан тухай аман домог сэлтийг тэмдэглэн авсан байна.

Д.Нацагдорж, В.А.Казакевич нар зорьсон хэргээ бүтээгээд 8 дугаар сарын 8-нд, Нийслэл Хүрээнд буцаж иржээ. Тэд дээр өгүүлсэн хөшөөний бичгийг тайлан уншихыг оролдож, хөшөөг ХҮII зууны эхэн үед үйлдсэн бололтой гэж үзжээ. Д.Нацагдорж, В.А.Казакевич нарын энэ шинжилгээний ажлын тайлан эдүгээ Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн сангийн сан хөмрөг болон Үндэсний төв архивын “Польшийн монголч эрдэмтэн В.Л.Котвичийн хувийн хөмрөг”-т тус тус хадгалагдаж байна. /МУҮТА. ТБА. Х-580, Д-1, ХН-54/ Судар бичгийн хүрээлэнгийн захиргаа Д.Нацагдорж, В.А.Казакевич нарын хоёр хувь буулган авчирсан уг чулууны бичээсийн хуулгын нэг хувийг урьд нь хүссэн ёсоор нэрт монголч эрдэмтэн В.Л.Котвичид “илтгэл зэргийн хамт… сонирхон үзэхэд нь бэлтгэж хүргүүлсэн” байна. Мөн 1923 оны 10 дугаар сарын 5-нд, Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошууны эрх баригчдад Судар бичгийн хүрээлэнгээс албан бичиг илгээн “… эрхэм хошууны нутагт бүхүй Хэсэг байшингийн хөшөө чулууны бичгийг…үзвээс, Манай Монгол Улсад чухал холбогдолтой хуучин түүх болох бөгөөд, эрхэмнэн хадгалбаас зохих тул гадаадын хүнд үзүүлэлгүй, уг газраас нь ангижруулалгүй, хагархай хэлтэрхийг нь тархаан сарниулалгүйгээр чухалчлан хадгалах”-ыг хүсэн сануулсан байна.

Судар бичгийн хүрээлэнгийн удирдлага түүх судлалын үнэтэй мэдээлэл агуулсан уг хөшөөнд ихээхэн анхаарал тавьж, улмаар төвд татан авчирч, лавтган судлахыг эрмэлзэж байжээ. Тухайлбал, 1925 онд Хан Хэнтий уулын (хуучин Сэцэн хан) аймагт нам, эвлэлийн гишүүдийг шалган цэвэрлэх ажлаар Мэндбаярын Гомбожав явахад түүнд, “Олон ба Хэсэг байшингийн газраа бүхүй улсын түүх шашдир зохиох хэрэгт үнэхээрийн чухал холбогдох бичиг бүхүй чулуудыг нэг ч дутагдуулалгүй,…тээлгэн ирүүлбээс зохихын тулд тэндэх газар орны эрх баригчид сайтар тусламжийг үзүүлэн хүчин хавсралцаж, хүргүүлэн ирүүлсүгэй хэмээн, үнэмлэх тэмдэгт бичиг шийтгэн олгож” байжээ.
1935 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн зохион байгуулалтад зарим өөрчлөлт хийж өргөтгөх үед, урьд нь “Соёл боловсрол ба түүх судрын анги”-д багтаж байсан Түүхийн кабинетыг биеэ даасан тасаг болгожээ. Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн 1935 оны 5-р сарын 22-нд хуралдсан 10 дугаар хурлаар, шинэ байгуулагдсан “Түүхийн тасгийн эрхлэгчид хэнийг тавихыг хэлэлцээд, Д.Нацагдоржийг томилж, сар бүр 300 төгрөгийн цалин олгохоор тогтсон” байна. /МУҮТА. ТБА. Х-23, Д-1, ХН-385, Х.17/

Д.Нацагдорж Түүхийн тасгийн эрхлэгчээр томилогдсоныхоо дараа ойрын ирээдүйд Монголын түүх судлалын талаар хийх шинжилгээний ажлын төлөвлөгөөг “Эх түүхийн тасгийн зорилго” хийгээд “Түүхийн тасгийн үндсэн дор гүйцэтгэх ажил нь” гэсэн нэртэйгээр боловсруулж, Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн 1935 оны 6-р сарын 16-ны өдрийн 13 дугаар хуралд оруулан хэлэлцүүлэхэд, “Түүхийн тасгийн зорилго ба үүрэг, ажлын төлөвлөгөө зүйтэй болсон тул ёсоор болгон” баталжээ. /МУҮТА. ТБА. Х-23, Д-1, ХН-385, Х.20/

Шинэ байгуулагдсан Түүхийн тасгийн нэг үүрэг нь хуучны булш, хөшөө дурсгалыг судлан шинжлэх, сахин хамгаалах явдал байв.
Д.Нацагдорж Түүхийн тасгийн эрхлэгчийн хувьд, Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйлүүдийг, ялангуяа дэлхий дахины ач холбогдол бүхүй дурсгалуудад онцгой анхаарал тавьж, тэдгээрийг хамгаалах ажлыг зохион байгуулж явсан нь архивын баримтад тодорхой тэмдэглэгдэн үлджээ. Тэрбээр, 1935 онд Налайхад бүхүй Түрэгийн мэргэн сайд Тоньюкукийн гэрэлт хөшөөг газар дээр нь очиж үзэж ирээд, уг дурсгалд хамгаалалтын барилга бариулах талаар саналаа боловсруулан, зураг төслийг нь ч өөрөө хийжээ. Түүний боловсруулсан саналыг бүрэн эхээр нь сийрүүлбэл:
“Харьяат Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчид танаа.
Үүний урьд Налайхад Баянцогт хэмээх газрын тэнд бүхүй эртний Түрэгийн Эльтерес хэмээх хааны мэргэн сайд Тоньюкукийн бичигт хөшөөнд барилга байгуулах учраа, очиж байдлыг үзэж хэмжээг авсан бөгөөд эдүгээ зургийг хавсруулан хэрхэн байгуулах саналыг сүүлд сийрүүлэн мэдүүлсүгэй. Эл саналыг эрдэмтэн нарийн бичгийн дарга Тубянский лугаа хэлэлцэж зөвшөөрөлцсөн болой.
25.10.28
Түүхийн тасгийн эрхлэгч Нацагдорж
Санал нь:
1. Хоёр хөшөөнд хамтад нэгэн байшин байгуулсугай. Байшин нь зурагт илэрхийлсэн ёсоор уртаар 10 метр, өргөнөөр 3 метр, туурганы өндөр нь 2 метр хагас, нурууны өндөр нь 4 метр болно. Хаалганы өргөн нь 1 метр, өндөр нь туурга лугаа сацуу, цонх хоёрын өргөн нь 2 метр, өндөр 1 метр хагас болно. Туурга ба дээврийг хашаагаар үйлдэж шавуулах бөгөөд зузаан нь 20 см-ээс дутуугүй байваас зохино. Цонхонд төмөр тор үйлдэж, салхи, гэрэл орох зайтай байлгана.

2. Байшинг байгуулагдсаны хойно гадна бүхүй сул чулуун хүмүүсийг хоёр хашааны хооронд оруулан тавьж, нэгэн адил хамгаалсугай.

3. Байшинг байгуулахын урьд байшин байгуулагдах газрын суурин доор ямар нэгэн юм дарагдан хоцоргохыг магадлан тэмтэрбээс зохих учир зурагт цэг тавьж, зурсан замаар газрын хөрснөөс дорогш нэгэн метр гүн илүү шуудуу татаж, бас шуудуугийн хоёр этгээдэд × ийм тэмдэг тавьсан газар нүх малтаж, тус тус тэмтэрбээс зохино.

4. Байшин байгуулахад түүний дээвэр, хажуу буюу саравч зэрэгт эрхгүй хуучины урлагийн янзыг бага зэрэг оруулан үйлдвээс зохистой тул тэр тухайд уул мужаан лугаа хэлэлцэн зуруулж тогтоон гүйцэтгүүлье” гэжээ. Мөн Тоньюкукийн хөшөөг хамгаалах саравч байгуулахад орох материал, зардлын тооцоог хийж хавсаргажээ.
/МУҮТА. ТБА. Х-23, Д-1, ХН-405, Х.12-14/

Д.Нацагдорж 1936 оны 3 дугаар сард Зураг №1 зураг төслийнхөө дагуу Тоньюкукийн хөшөөнд хамгаалалтын барилга бариулахаар хотын хэсэг урчуудтай хэлэлцэн тохирсон гэж албан баримтад дурдсан байна.
Тэрбээр, 1935 оны 7 дугаар сарын шинэ дээр хүн томилон явуулж, Орхоны Хөшөө Цайдамд буй Түрэгийн Бильгэ хаан, Культегин хаан нарын гэрэлт хөшөөний хамгаалалтын байдал ямар байгааг байцаалгахын зэрэгцээ хөшөөний учир утга, ач холбогдлыг нутгийн олон түмэнд таниулж, хайрлан хамгаалахыг орон нутгийн захиргааны удирдах хүмүүст дуртган захижээ. Үүний дараа мөн оны 8 дугаар сарын 9-нд, Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн газарт, “Хөшөө Цайдам хэмээх газар бүхүй Түрэгийн Культегин хааны саравч байгуулсан боловч, мөн түүний дэргэд бүхүй … Бильгэ хааны хөшөө унаж хугарсныг зарим хүмүүс холтлох зэргээр үрэгдүүлэн хөсөрдөж буй хэмээх нь түүхийн судлалын талаар … чухал ховор зүйл бөгөөд нэн даруй арчлан хамгаалалтай. Үүнд, урьдах адил орон савыг яаравчлан байгуулбаас зохивч, тус тасгийн мөнгөн зардал хүрэлцэхгүй тул эдүгээ ямар нэгэн зардлаас шилжүүлж орон сав байгуулах буюу эс бөгөөс өөр ямар нэгэн аргаар түр зуур хамгаалуулж, орон сав байгуулахын бэлтгэлийг явуулах алин нэгнийг даруй тогтоохыг хүсмүй” гэсэн асуудал тавьж, уг хөшөөний орон савыг “одоо даруй бэлтгэвээс зохих мод зүйлийн үнэ 200 төгрөгийг Түүхийн тасгаас гарган, дараа жил нь 26 дугаар [оны] төсөвд оруулан гүйцэтгүүлье” гэсэн шийдвэр гаргуулжээ. /МУҮТА. ТБА. Х-23, Д-1, ХН-400, Х.19/

1935 оны 11 дүгээр сард Д.Нацагдорж тэр үеийн Архангай аймгийн Лүн сумын ард Цэрэннамжилтай хэлэлцэн тохирч, Культегиний гэрэлт хөшөөнд хамгаалалтын саравч бариулаад, нутгийн нэг хүнээр харгалзуулан сахиулахаар тогтсон байна.
1936 оны 5 дугаар сарын орчим бичсэн Шинжлэх ухааны хүрээлэнгийн нэгэн тайланд, Түрэгийн Бильгэ хаан, Культегин хаан, мэргэн сайд Тоньюкукийн гэрэлт хөшөөг хэрхэн сахин хамгаалсан тухай дурдахдаа, “Хуучин зүйлийг сахин хамгаалах нь чухал учраа Хөшөө Цайдам ба Налайх дахь эртний Түрэгийн онц дурсгалтай хөшөө дор саравчийг төгсгөж, басхүү пайз тэмдэг байгуулах ба учрыг нутгийн ардад таниулах тухай явдлыг энэ 7,8 сард гүйцэтгэхээр төлөвлөжээ” гэжээ. /МУҮТА. ТБА. Х-23, Д-1, ХН-424, Х.87/

Мөн Д.Нацагдорж эх орны түүх судлалыг удирдаж байхдаа, “Монгол орон дотор бүхүй хуучны дурсгалт хөшөө, балгас зэргийн” археологийн дурсгалуудыг бүртгэж, тэдгээрт карт хөтлөх ажлыг эхлүүлж, Шинжлэх ухааны хүрээлэнгээс хөдөө аймгуудад сууж байсан зарим төлөөлөгчдөд түүхийн дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, сахин хамгаалах, аман түүхийн болон угсаатны зүйн мэдээ хэрэглэгдэхүүн цуглуулах заавар хүргүүлж байжээ.

Ийнхүү “Орхон, Сэлэнгэ, Хөхүйн онц сайхан голууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын суурьнууд
Хол газраа одсон харгуй дардан замууд
Энэ бол Миний төрсөн нутаг
Монголын сайхан орон”
хэмээн шүлэглэж асан их зохиолч “Боржигин Нацагдорж” маань Монголын хуучин хөшөө дурсгалыг судлан шинжлэх, сахин хамгаалахад өөрийн зохих хувь нэмрийг оруулж явсан ажээ.

/Бэлтгэсэн: АЕГ-ын МАЗУГ-ын эрдэм шинжилгээний
гэрээт ажилтан Г.Дашням /Ph.D/

Эх сурвалж: Архивын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. иргэн
     (192.168.8..***)
    2019/04/18 21:39

    Нийслэл хотын маань цөөн хэдэн хөшөө хариуцах эзэнгүй,тоос тортогт дарагдаад гундуухан л харагдах юмдаа.Бороо орохыг хүлээгээд байдаг юм болов уу яагаад угааж цэвэрлэдэггүй юм болдоо.

    (0) (0)