Парисын Дарь эхийн сүм шатжээ

2019 оны 04-р сарын 16 өдөр, 10 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15553720795cb5182fa8b37_large

Францын нийслэл дэх Парисын Эх дагинын сүмд 15-ны өдөр орон нутгийн цагаар 18 цагт гал гарчээ. Галын улмаас сүмийн орой болон оройд байрладаг цаг нурж унажээ.

Парис хотын төвд байдаг уг католик сүмийг 1163 онд барьсан бөгөөд 1991 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэсэн байна.

 850 жилийн түүхтэй  Дарь эхийн сүмийн дээврийн хэсгээс гал гарч, сүм шатаж эхлэхэд тэр даруй дуудлага авсан галынхан иржээ. Галын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн албаныхан ажиллаж байгаа бөгөөд галыг унтраахад нийт 400 гаруй алба хаагч оролцсон байна.

Хэдэн зуун жилийн түүхтэй,гадна дотны жуулчдыг урин дууддаг түүхийн дурсгалаа галд өргөчихөж байгаадаа Францчууд ихэд харамсан гашуудаж байна.

Хэвлэлээр мэдээлж буйгаар сүмийн оройн хэсэгт засварын ажил хийгдэж байсан бөгөөд ажил тарснаас цаг гаруйн дараа гал дүрэлзэж эхэлсэн нь тэр аж.

Жилдээ 10 гаран сая жуулчин үзэх гэж очдог энэхүү соёлын өв нь дан ганц францчуудын төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлын гайхамшигтай өв байсан билээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Бидний нэг хэсэг шатчихлаа” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна.

Парис хотын захирагч “Парисын Эх дагинын сүмд аймшигт гал гарлаа. Бид гал сөнөөгчидтэй хамтран галыг цурманд оруулахаар ажиллаж байна” хэмээн өөрийн Твиттер хуудсандаа бичиж хотын оршин суугчдыг сүмийг тойрсон аюулгүй ажиллагаанд саад учруулахгүй байхыг хүсжээ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Францын AFP агентлагийн мэдээлж буйгаар, сүмийн дээд давхарт хийж байсан засварын ажлаас үүдсэн байж болзошгүй аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх