Монголын Багш нарын VII их хурлаас Монголын нийт сурган хүмүүжүүлэгчдэд хандаж гаргасан УРИАЛГА

2019 оны 04-р сарын 14 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57114759_417214559107664_7128709597468033024_n

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Монголын боловсролын бүх шатны байгууллагын болон үе үеийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчдээс сонгогдсон 800 гаруй төлөөлөгч хуран чуулж өнөөгийн боловсролын байдал, цаашдын хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.
Төрөөс Монголын боловсролын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн боломж, цаашдын чиг хандлагад нийцүүлэн боловсролын материаллаг орчныг сайжруулах, багш сурган хүмүүжүүлэгчдийн нийгмийн асуудал, ялунгуяа цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг бууруулах, ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, мэргэжил дээшлүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд бодитой арга хэмжээ авч, үе шаттай хэрэгжүүлж байгаад багш сурган хүмүүжүүлэгч бид талархаж байна. Хөгжил бол хоёр талын хамтын чармайлт, шүтэн барилдлагын үр дүн учраас боловсролын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон багш сурган хүмүүжүүлэгчдийн чин шударга хөдөлмөр зүтгэл, бүтээлч санаачилга, эрдэм оюуны эрч хүч Монголд гэрэл гэгээтэй, тогтвортой хөгжсөн нийгмийг цогцлоох тул эрхэм хүндэт нийт багш сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ хандаж:

1. Багш бид – Эрдмийг түгээн дэлгэрүүлэгчийн хувьд суралцагчдадаа үлгэр дуурайл болохуйц мэдлэг боловсрол, ёс зүйн хэм хэмжээний өндөр шаардлагыг өөртөө тавьж, “Багш” хэмээх хүндтэй нэр алдрыг ямагт эрхэмлэн дээдэлж ажиллах,

2. Багш бид – Хүмүүнийг сургаж, эрдэм оюуныг хөгжүүлэгчийн хувьд мэдлэг ухаан, заах ур чадвар, харилцаа хандлагадаа цаг ямагт анхаарч, өөрийгөө хөгжүүлж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулж, зөв Монгол хүнийг сургаж төлөвшүүлэх,

3. Багш бид – Төрт ёсоо дээдэлсэн холч ухаантай Монгол хүний хувьд төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, тулгамдсан аливаа саад бэрхшээлийг тал бүрээс нь сайтар тунгааж, эвийг эрхэмлэж, сайнаар үлгэрлэн олныг гэгээрүүлэх,

4. Багш бид –Сурган хүмүүжүүлэх ажилдаа судалгаа, шинжилгээ хийж, түүнийхээ үр дүнг практикт нэвтрүүлэхэд бүтээлч санаачилга, үр өгөөжтэй хандах, арга туршлагаа бусадтай хуваалцах,

5. Багш бид – Суралцагчдын сонирхол, эрэлт хэрэгцээг илүү тооцож, уян хатан олон хувилбартай, амьдрал, үйлдвэрлэлтэй нягт холбоотой шинэ мэдлэг мэдээлэл олж авах, сургалтын дэвшилтэт технологийг нэвтрүүлж бие даан суралцах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлтгэх.

6. Багш бид – Боловсролын эдийн засаг, бодлогын судалгааны чиглэлээр мэдлэг, чадвараа тасралтгүй дээшлүүлж, нийгмийн харилцаанд нийцсэн сэтгэлгээ, арга барилаа өөрчилж хөгжих

7. Багш бид – Ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлэгчийн хувьд мэргэжил, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, нийгмийн хөгжлийн шинэ чиг хандлагыг соргог мэдэрч, цаг үетэйгээ хөл нийлүүлж, өөрөө бие даан хөгжихийг эрхэм зорилгоо болгохыг УРИАЛЖ байна.

Монголын Багш нарын VII их хурлын төлөөлөгчид
2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр
Төрийн ордон
Улаанбаатар хот

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх