Идэр залуу ээжүүдийг ид хийж бүтээх насанд нь тэтгэврийн хөгшчүүл болгосон төрийн алдааг засав

2019 оны 04-р сарын 14 өдөр, 11 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
olloo_mn_1551346477_garam_large

1991 оноос өмнө тэтгэвэрт гарсан ээжүүд нийгмийн баялгаас арай дэндүү бага хүртэж байна гэсэн гомдол,шүүмжлэл   олныг бухимдуулж байсан тэр цаг орд хоцорлоо. Учир нь УИХ-ын гишүүн Д.Гарамжав нарын санаачлан Их хурлын даргад өргөн барьсан тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төсөл амьдралд нийцжээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм.

 1990 онд баталсан Тэтгэврийн хуульд, “Төрүүлсэн болон үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн тэрхүү балагтай заалт  өнөөг хүртэл олон мянган ээжийг сэтгэл гонсгор,тарчиг байлгах эх сурвалж болсон юм. Уг заалтыг хэрэгжүүлснээр, 1991 онд олон хүүхэд төрүүлж өсгөснийхөө шанд 35-45 насандаа 32.8 мянган ээж  “хүчээр” ч гэх үү төрийн хуулийн албадлагаар ажлаа орхин тэтгэвэрт гарсан. Төр төмөр нүүрээ харуулж, ид хийж бүтээх идэр залуу насанд нь ээжүүдийг тэтгэврийн хөгшчүүл болгосон нь тэр.

Уг заалтын дагуу 15.4 мянган ээж тэтгэвэр тогтоолгожээ. Нийгмийн даатгалын газраас 2018 онд гаргасан судалгаагаар дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь 280 мянган төгрөг, 7.6 мянга нь 280-300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгааг тогтоожээ. Д.Гарамжав гишүүн болон түүний нөхөд аргагүй эмэгтэй хүний өр зөөлөн сэтгэлээр өчүүхэн тэтгэврээр өчнөөн жил чадан ядан амьдарсан эхчүүдийн төлөө цаг хугацаатай уралдан судалгаа хийж,дорвитой ажилласныг хэлэхэд долигносон долоосон болохгүй билээ.

 Одоогоос 29 жилийн өмнөх БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн түүхтэй. Тухайн үед ээжүүдийг олон хүүхэд төрүүлж өсгөсөн, улсад 20 жил ажилласных нь төлөө ямар ч өчиггүйгээр хоморголон тэтгэвэрт гаргасан нь дэндүү хатуудсан бодлого байсныг эртхэн засаж залруулсан бол гэх харамсал ч бас сэтгэлд хургана. Гэхдээ тэр алдааг эерүүлэн зөөлрүүлж байгаа нь энэ цагт нүдээ олсон зүтгэл болсныг дахин хэлэхэд илүүдэхгүй. Олон мянган залуухан ээжийг нэг л өдөр тэтгэвэрт нь суулгасан хуулийг өөрчлөөсэй гэсэн хүлээлт нийгэм даяар байсан уу гэвэл байсан. Ганцхан түүнийг  мэдрэх бүсгүй сэтгэл,хууль санаачлах зориг Д.Гарамжав нарын эмэгтэй гишүүдэд  байсанд олон мянган ээжүүд талархан буй. Цаг үеийнхээ золиос болсон олон ээжүүд өнөөдөр баярласнаа хэлж байна. Сайн сэтгэлийн үзүүрт сүү гэдэг энэ билээ. Тухайн үед хуулийн заалтыг үндэслэж ажлаасаа чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгосон мянга мянган эмэгтэйчүүд уруу доройн зовлон үзэж,наймаа ганзага үүрч, амьдралын эрхээр хатуу бүхэнтэй нүүр тулсан. Ахлах ангийн хүүхдээ сургуулиас  гаргаж ажил хийлгэн ядруу амьдралдаа нэмэр авч байснаа ярих ээжүүд ч бий. Юутай ч өнөөдөр  ээжүүд  бусадтай адил хэмжээний тэтгэвэр авч эхлэх нь гэж бодохоор сэтгэлд нэг л дулаан мэдрэмж төрөх. Тэдний өмнөөс баярлаж байхад тад нар маань  бүгдээрээ “Алдарт эх” одон энгэртээ гялалзуулсан Монголдоо гавьяатай хүмүүс гэх бахархал бас сэтгэл огшоох.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. ТОСОН
     (192.168.8..***)
    2019/05/02 13:14

    Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮНД МАШ ИХ БАЯРЛАЛАА, УИХ-ЫН ГИШҮҮН ХҮН ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ. МИНИЙ ЭЭЖ 6 ХҮҮХДЭЭР 1991 ОНД АЛБАН ШАХАЛТААР ТЭТГЭВЭРТ ГАРСАН ОДОО 77 НАСТАЙ ХӨГШИН ТАНД МАШ ИХ БАЯРЛАЖ БАЙГААГ ҮҮГЭЭР ДАМЖУУЛЖ БАЙНА.
    АМЖИЛТ ХҮСЬЕ, САЙН САЙХАНЫГ ЁРӨӨЕ.

    (0) (0)