УЕП-ын шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхэд шалгалт хийнэ

2019 оны 04-р сарын 11 өдөр, 14 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15549625355caed8674532f

Шинээр томилогдсон УЕП Б.Жаргалсайханы шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхийг шалгаж эхэллээ. Тухайлбал,  хууль хяналтын байгууллагын зарим албан хаагч нарын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэжигтнийг баривчилж, яллагдагчийг цагдан хориж байгаа хууль зүйн үндэслэл,  нөхцлийг энэ хүрээнд шалгах үүргийг өгөөд байна.

Сэжигтэн, яллагдагч, ялтанд эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар харьцахгүй байх, энэ төрлийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус ажиллагаа явуулах нөхцлийг арилгахад чиглэсэн энэхүү шалгалтыг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн болон Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд хариуцан гүйцэтгүүлэх бөгөөд цагдан хорих байр, хорих ангиудын бүртгэл, судалгаа, ахуй нөхцөл, хоригдож байгаа этгээдийн санал хүсэлтийг газар дээр нь нягтлан шалгах, холбогдох хэрэг, материалыг хянах зэргээр шалгалтыг явуулж эхэлсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд, хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан эсэхийг мөн шалгалтын хүрээнд хянахаар удирдамжид тусгажээ. Энэ шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, илэрсэн зөрчил, авах арга хэмжээний талаар ойрын хугацаанд Улсын Ерөнхий прокурорт танилцуулах, хууль хяналтын байгууллагын албан хаагч үйл ажиллагаагаараа, эсхүл баривчлагдаж, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч, түүнчлэн хоригдлын ахуй нөхцөл, тэдгээрт үзүүлбэл зохих үйлчилгээ болон бусад байдлаар эрхийг нь хууль бусаар хязгаарлаж, эрүү шүүлт тулгах нөхцлийг таслан зогсооход анхаарч ажиллахыг даалгажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх