Венесуэлд улс төрийн хямрал өрнөж байгаагийн улмаас 3.5 сая орчим хүн улс орноо орхин явахад хүрчээ. Энэ тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдсэн байна.
“Венесуэлд болж буй зүйлд бид ихээхэн анхаарал хандуулж байгаа. Хямралыг даван туулах улс төрийн шийдлийг олохын тулд бид НҮБ-ын уриалгад нэгдэж байгаа. Гэсэн хэдий ч дүрвэгсдийн урсгалыг бид мартах ёсгүй. 3.5 сая хүн Венесуэлийг орхин явжээ. Тэдний дийлэнх нь Колумби, Перу, Эквадор, Бразил болон бусад улс орныг зорьж байна. Учирч буй хүндрэл бэрхшээлийг үл харгалзан хилээ хаалгүй үүд хаалгаа нээлттэй байлгахыг бид эдгээр улс оронд уриалж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн дүрвэгсдийг олноор нь хүлээн авахад хүрээд буй улс орнуудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг тэрбээр уриалжээ.
АНУ-ын санаачилгаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр ээлжит бус хуралдаан зохион байгуулж байна.