Ц.Гарамжав: “Капитал” банк татвар төлөгчдийн мөнгийг хүүлсэн нь эдийн засгийн гэмт хэрэг

2019 оны 04-р сарын 10 өдөр, 12 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
54522856_2195996543950929_2444912177652432896_n

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Жаст”-ын Ш.Батхүү “Стандарт” банканд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж авсан зээлийг тус үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргасан. Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, бусдын тавьсан өрийг төлсөн нь таныхаар хэр зөв шийдвэр бэ?

-Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж зээл авсан жинхэнэ эзэн нь “Жаст”-ын Ш.Батхүү. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр Эрсдэлийн сангаасаа энэ зээлийг яаралтай төлсөн нь зөв. Учир нь Стандарт банкны зээлийн хүү өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдэж байсан. Миний сонссоноор нэг жилд нэг сая ам.долларын хүү нэмэгдэж байсан гэсэн. Нэг сая ам.доллар гэдэг ямар их мөнгө билээ. Эрдэнэт үйлдвэрийн блансыг үзэхэд энэ жил 400 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байсан. Ийм том ашигтай үйлдвэр Эрсдэлийн сантай байх ёстой. Тиймээс энэ сангаас 40 сая ам.долларыг төлсөн нь зөв. Хэдийгээр компанийн сангаас гарсан ч эцсийн дүндээ зээл авсан эзэн нь эргэж төлөх ёстой. Зээл авсан эзэн удахгүй хуулийн байгууллагаар тогтоогдоно. Үүнийг хурдан шуурхай төлж, зээлийн хүү зэрэг ихээхэн хохирлыг хурдан шуурхай таслан зогсоосон нь зөв юм.

-Энэ хэргийг шалгах хуулийн хугацаа нь дууссан юм билээ. Тэгэхээр буруутай эзэн хариуцлагаа үүрэхгүй байж магадгүй гэсэн болгоомжлол байна?

-Хариуцлага хүлээлгэх ёстой. Хэн нэгний буруутай үйлдлээс болж монголчууд хохирох ёсгүй. Би олон жил үйлдвэрлэлийн салбарыг хариуцаж ажилласан. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулж байгааг ойлгохгүй байна. Нөгөөтэйгүүр, Монголд мөнгө угаадаг гэмт хэргийн бүлэглэл бий болсон гэхээр гайхаж байна. Үүнийг устгаж, гэмт хэргийг таслан зогсоож нийгмийг эрүүлжүүлэх хэрэгтэй. Мөн ЖДҮХС, ТЭДС, Агаарын бохирдлыг бууруулах сан зэрэг сангуудын мөнгө эзэндээ хүрэхгүй бүлэглэлийн гараар орж байгаад харамсч байна. Буруу гараар орж байгаа энэ мөнгөөр бид хичнээн үйлдвэр хөгжүүлж болох байсан бэ. Энэ мөнгөөр социализмын үед бол 700 гаруй үйлдвэр сэргээх байсан. Аймаг, сум бүрт байсан цагаан идээ боловсруулах үйлдвэрийг сэргээж болохоор их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн байна. Тиймээс бүх сангийн зарцуулалтыг ил болгож, үрэгдсэн мөнгөө гаргаж авах хэрэгтэй. Тэгж байж манай улсын хөгжил зөв чиглэл гольдролд орно. Үүнийг зөв хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Манай улсад хулгайн бүлэглэл үүсч, ард түмний мөнгийг идэж уун, улс орныг сорж байна. Бид бүгдээрээ энэ бүхнийг харахгүй, сонсохгүй байна гэдэг нь үүнийг дэмжиж байгаатай адил. Тиймээс мэдлэггүй, боловсролгүй байж болохгүй.

Ээлжит бус чуулганаар Авлигын тухай, прокурорын тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг баталсан. Хууль батлагдсанаар ҮАБЗ тэр дундаа Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрлөө гэдэг шүүмжлэлийг дагуулсан. Та энэ хуулийг дэмжсэн. Дэмжсэн шалтгаан тань юу байсан юм бэ?

-Энэ бол нэлээн том асуудал. Монгол Улс шинэ нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ороод 28 жил боллоо. Гэтэл улс орон дорвитой хөгждөггүй, ардчилсан нийгэм мөртлөө анархист маягаар бүх салбар хөгжиж байна. Уул уурхай, хууль эрхзүй, шүүх засаглал гээд бүх газарт дээр, дооргүй бужигнасан, доголдолтой байна. Бид зөв хөгжих юмсан гэж хүсдэг. Гэтэл ноцтой томоохон зөрчил, гэмт хэрэг, бүлэглэл аль ч салбарт үүсч байна. Тэр дундаа шүүх, прокурорын байгууллагад асар том гажуудал үүссэн болох нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэх явцад холбогдогчдыг нь эрүүдэн шүүсэн  явдлаар нотлогдлоо.

-Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзээд танд юу бодогдсон бэ?

-Маш хэцүү, хүнд юм билээ. Бичлэгийг үзсэний дараа зүрх өвдөж, хямарсан. Энгийн ард түмний эрх чөлөө хязгаарлагдаж, хүний эрхэд тамлагдан байцаалтад орж байгааг хараад цочирддог юм байна. Зодож нүдэж, сэтгэл санааны дарамтад оруулж, хүний эрхэд ноцтой халдсан байна лээ. Үүнээс үүдэж Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Яг үнэндээ, ийм зүйл байгааг мэдсэн нь нэг талаасаа олзуурхууштай. Ингэснээр прокурор, шүүх засаглал, мөрдөн байцаах газрыг засч сайжруулах хуулийн өөрчлөлт хийх шаардлага тулгарсан. Тиймээс ҮАБЗ-ийн зөвлөмжөөр энэ хуулийг яаралтай боловсруулж, батлах эхний арга хэмжээг авлаа. Ингэхгүй бол бидний мэдэхгүй маш олон гэмт хэргийн үүр уурхай Монгол Улс болох нь.

-“Капитал” банк татан буугдсанаас болж нийгмийн даатгалын 340 тэрбум төгрөг тус банканд гацсан гэсэн мэдээлэл гарлаа. Үүнийг яаж шийдэх вэ?  

-Итгэмээргүй асуудал боллоо. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд ажил олгогч 20 хувь, ажилчид цалингийнхаа 10 хувийг төлдөг. Тухайн иргэн тэтгэвэртээ суусны дараа авах ёстой мөнгийг ямар нэгэн банк өөрийн эрх, ашгийн төлөө завшиж байна гэдэг бол байж боломгүй асуудал. Хэрвээ үнэхээр ийм асуудал болсон, эрх бүхий хүмүүс улсын төсвөөс тэрбумаар хэмжигдэх мөнгө авсан байвал энэ бол ноцтой хэрэг. Гэхдээ энд нэг зүйлийг нухацтай ярих хэрэгтэй. Албан бус мэдээллээр ЖДҮ-тэй харьцуулашгүй их мөнгө яригдаж байна лээ. 400 тэрбум төгрөгийг зөвхөн нэг банк авсан байна. Үүн шиг ард түмний татварын мөнгийг хэдэн ч банк шамшигдуулж байгааг мэдэхгүй. Үүнийг хатуу ярьж зогсоох хэрэгтэй. Баялаг бүтээгчид татвар төлж, ажилчид өөрсдийн эрүүл мэнд, нийгэмд зориулж татвар төлж байхад хэн нэгэн албан тушаалтан эрх мэдлээ ашиглаж дундаас нь мөнгө хүүлж, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх нь хууль бус. Энэ бол эдийн засгийн том гэмт хэрэг.

-УИХ-ын эмэгтэй таван гишүүн Нийгмийн хамгааллын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. НББСШУ-ны байнгын хорооны өнөөдрийн (өчигдрийн) хуралдаанаар хэлэлцсэн. Энэ хуулийн төслийн гол агуулага нь юу вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьсан. Дээрх хуулийн хоёрхон заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан ч өргөн цар хүрээг хамарсан зүйл заалт. 1990 онд Монгол Улс нийгэм, эдийн засаг шилжилтэд орж олон үйлдвэр, зовад, ферм хаагдсан. Тухайн үед зөвхөн Улаанбаатар хотыг тойрсон үйлдвэр 700 гаруй байсан. Үүнээс гадна улсын хэмжээнд жижиг цехүүдтэй цагаан идээ боловсруулах үйлдвэртэй байлаа. Гэтэл өнөөдөр нэг ч суманд сүүний үйлдвэр байхгүй байна. Тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засагтай, төвлөрсөн хангамж, зардалтай байсан үе. Гэтэл 1990 онд бүх зүйл өөрчлөгдөж, зах зээлийн нийгэмд шилжиж бүх үйлдвэр, зовадыг зогссон. Үүнээс үүдэж олон мянган иргэд ажлын байргүй болсон.

Төр засгаас иргэдээ орлоготой байлгах үүднээс наснаас нь, хүүхдийн тоог харгалзаж үзэх, ажилласан жилээс нь хамаарч наснаас нь эрт тэтгэвэрт гаргаж эхэлсэн. 1991 оны Тэтгэврийн багц хуулийн дагуу тухайн үед 288 мянган иргэн тэтгэвэрт гарсан. Үүний 83 мянган иргэн буюу 60 хувь нь наснаасаа эрт тэтгэвэрт гарсан бол 44 мянга нь дөрөв болон түүнээс олон хүүхэдтэй гэсэн үндэслэлээр тэтгэвэрт суусан. Наснаасаа эрт тэтгэвэрт гарсны хор хохирол нь нийгмийн халамжийн зорилтот бодлогод хамрагдаж чадаагүй. Тухайлбал, 35 настай 25 жил улсад ажилласан эмэгтэй дөрвөн хүүхэдтэй байлаа гэж бодъя. Дахиад нэг төрүүллээ гэхэд халамжид хамрагдаж чадахгүй. Учир нь “Тэтгэврээ тогтоолгосон” гэдэг үндэслэлээр олон жил хохирч ирсэн байна. Хоёрдугаарт, тэтгэврийн хүн гэдэг үндэслэлээр давхар олгогддог олон нэмэгдлээс хасагдаж ирсэн.

Энэ хуулийг боловсруулахаар 2018 онд судалгаа хийхэд тэдгээр иргэдийн тэтгэврийн доод хэмжээ 342 мянган төгрөгт хүрэхгүй байсан. Тэтгэврийн дундаж тооцоолоход өмнөх жил 342 мянга байсныг энэ жил 374 мянга болгосон. Ингэхээр тэтгэврийн зөрүү жилээс жилд ихэсч байгаа юм. 2017 онд наснаасаа эрт тэтгэвэрт гарсан, дөрвөн болон түүнээс олон хүүхэдтэй, 55 нас хүртэлх эрэгтэй, эмэгтэй бүх тэтгэвэр авдаг иргэдийн тоо нийлээд 18.6 мянга байсан. Энэ хуулийг өргөн барих хугацаа улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, хойшилсоор байгаад энэ оны хоёрдугаар сард өргөн барилаа. Саяхан шинэчилсэн судалгаа хийхэд тэтгэвэр авдаг иргэдийн тоо 17. 1 мянга болсон байна. Өөрөөр хэлбэл, анхны судалгаа хийгдэж, хууль өргөн баригдах энэ хугацаанд 1470 иргэн хорвоог орхисон байна. НББСШУ-ны байнгын хорооны саяын хурал дээр Ц.Мөнх-Оргил гишүүн “Бид гэсэн мөн оролцох байсан юм. Яагаад хууль боловсруулахдаа бидэнд мэдээлэл өгсөнгүй вэ” гэж байна лээ. Бүх гишүүдэд энэ хуулийг засах сэтгэл байдаг. Тэр дундаа олон удаа парламентад сонгогдсон гишүүд энэ хуулийн гажуудлыг сайн мэддэг. Өмнө нь энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан ч дэмжигдээгүй юм билээ. НББСШУ-ны байнгын хорооны өнөөдрийн (өчигдрийн) хурлаар хуулийн төсөл дэмжигдсэнд баяртай байна. Энэ хуулиар наснаасаа эрт тэтгэвэрт гаргасан 17.1 мянган иргэдийн асуудлыг шийдэж, тэтгэврийг нь нэмэх боломжтой болж байна. Гэхдээ байнгын хорооны хурлаар энэ хууль хэлэлцье гэдгийг л дэмжлээ. Харин цаашид хэлэлцэж эсэх нь чуулганаар орно. Чуулганаас хэлэлцье гэж шийдвэл хэлэлцэгдэнэ.

-Хууль батлагдсанаар дээрх 17.1 мянга иргэний тэтгэвэр нэмэгдэх юм байна. Тэтгэврийн нэмэгдэл энэ жилийн төсөвт суутгагдсан уу?

-Энэ жилийн төсөвт суутгагдаж амжаагүй. Учир нь энэ хууль хоёрдугаар сард өргөн баригдсан. Хууль амжилттай хэлэлцэгдэж, дэмжигдэх юм бол Хууль тогтоомжийн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. НББСШУ-ны байнгын хорооны хурлаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх санал гарсан.

Р.Хишигжаргал

Эх сурвалж: https://www.24tsag.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (192.168.8..***)
    2019/04/13 15:13

    үнэн үг байн.а. гэхдээ Гарамжав аа та уул уурхайгаараа дамжуулж байгаль орчныг хохироож уух ус, газар шороо бохирлон экологийн нөхөу баршгүй хохирол учруулсанаа яах гэж байна

    (0) (0)