Монголбанкнаас Капитал банкийг татан буулган шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Түүний ярьснаар, “Капитал банкинд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан. Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг тус, тус энэ банкинд байршиж байсан. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөгийг Н.Мөнхбат тус банкны захирлаар ажиллаж байх үед байршуулсан байсан. Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус тус байршиж байсан” юмсанж.
Түүнчлэн, Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болсноос эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй байсан гэж Сангийн сайд тайлбарлав. Мөн хурдан шуурхай арга хэмжээ авахгүй бол хохирол өсөх байсан гэлээ.
Тус банкны зээлдэгчид зээлээ эргүүлэн төлнө. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нарт албан бичиг илгээж, Банкны тухай хуулийн 71.1-т зааснаар 60 хоногийн дотор эрх хүлээн авагчид дээрх хохирлуудыг барагдуулах хүсэлт, нэхэмжлэлээ гаргах үүрэг өгөх гэнэ.