Амжилтын түүчээ, алдрын эзэн М. Сарангуагийн нэг өдөр

2019 оны 04-р сарын 08 өдөр, 13 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
58803764d1404f6e1476edb73cda6540

Жүдо, самбо, бодибилдингийн спортоор эмэгтэй хүн барилдаж, хичээллэж болно гэдэг анхны ойлголт, итгэл үнэмшлийг төрүүлэх амаргүй ажлыг нугалж, түүхийн хуудаснаа нэгэн шинэ жимийг гаргаж ирсэн тамирчин бүсгүйтэй уулзахаар бид “Олимп” хотхоныг зорьж очлоо. Өглөөний ес, арван цагийн үед л зааланд олон арван хүн дасгал сургуулилтаа хийж ид бужигнаж байх нь тэр.

Самбын дэлхийн аварга шалгаргуулах тэмцээний мөнгө, Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн хүрэл медальт, жүдо, самбо бөхийн УАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, олон улсын чанартай тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийн эзэн, бодибилдингийн Азийн хошой аварга, гурван спортын төрлөөр олон улсын хэмжээний мастер цол хүртсэн, хүмүүсийн дунд М.Сарангуа багш хэмээн хүндлэгдсэн түүнийг тийм залуу харагддаг гэж санасангүй.

Цагаан подволктой, хар тамирын өмдтэй бүсгүй дөхөөд ирсэн нь “Танайд өнжье” булангийн маань зочин байлаа. Их спорттой холбогдсон хугацаа нь 30 гаруй жилийн өмнөөс гэж сонссон болоод ч тэр үү арай өөрөөр төсөөлж байжээ. Бас бодибилдингийн нэртэй тамирчин атлаа булчин шөрмөс нь товойсон нэгэн байна гэж санасан уу, ямартай ч төсөөлж байснаас маань тэс өөр гоолиг бүсгүй угтлаа.

Тэрбээр сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн болоод жингийн асуудал тойрсон олон янзын өвчтэй хүмүүсийг эрүүлжүүлэн, булчингаа анхнаас нь өв тэгш хөгжүүлж, дасгал сургуулилтын техникийг зөв эзэмших хүсэлтэй хүмүүст зориулж хувийн багшаар ажиллах болсон. Өглөө эрт ч яг хүмүүс өөртөө зориулаад тухайн цагаа авчихсан байдаг учраас хүмүүстээ зааварчилгаагаа өгөнгөө хамтдаа ярилцахаар бид шийдлээ. М.Сарангуа багшийг эмэгтэй жүдо бөхийн анхдагч гэж хүндлэх нэр алдартай олон тамирчид байдаг.

1987 он. Тухайн үед бөхийн уламжлалтай орон атлаа эмэгтэй хүн бөх барилдана гэвэл санаанд буухгүй тийм цаг байлаа. Дэлхийн жишгийг дагаж самбо, жүдогоор барилдах сонирхолтой охидыг цуглуулан, бэлтгэл сургуулилт хийж эхлэхэд нь монголчуудын бүсгүй хүн бөх барилдана гэж байхгүй гэх хэвшмэл ойлголт ихээхэн саад болж байсан гэдэг. “Монгол оронд албан ёсоор эмэгтэй жүдог хөгжүүлэх тогтоол гаргаж өгнө үү” гэсэн албан хүсэлтэд Ч.Машбат дасгалжуулагчийн хэдэн охид гарын үсгээ зуран байж бүтэн жил тойрон хөө­ цөлдсөний дараа, эмэгтэй жүдо барилдааныг хөгжүүлэх албан ёсны тогтоол шийдвэрийг нь гаргуулж авч байжээ.

Хэдийгээр хэдэн охидын барилдах гэсэн чин хүсэл тэр алхмыг наашлуулсан ч монгол бүсгүйчүүд дэлхийн дэвжээнд бусад орны тамирчидтай эн тэнцүү өрсөлддөг гэдгийг батлан харуулах түүхэн үе байсан гэж хэлж болно. Тухайн үеийн тамирчид ёстой л бор зүрхээрээ, өр зээлд орж байж уралдаан тэмцээнд явдаг байлаа. Тэр үед тэмцээний зардал мөнгө горьдох эрхгүй байсан түүхийг хүмүүс ярьдаг. Гэхдээ чухам чин сэтгэл, хүсэл мөрөөдөл байсан учраас тэд тэгж зүтгэдэг байсан. Багшийнхаа дасгалжуулалтаар бэлтгэлээ хангаж аав ээж ар гэрийнхээ амьдрал залгадаг орлогоор зардлаа хийж тэмцээнд орол­ цож явсан тэр үеийнхний зүтгэлээр өнөөдрийн Монголын хүчтэй эмэгтэй жүдочид төрсөн гэдэг билээ.

Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа, гавьяат тамирчин М.Уранцэцэг нар тэдний гаргасан мөрөөр дэлхийн өндөрлөгт гарснаараа бахархдаг юм билээ. М.Сарангуа багш бол яг тэр үеийн тод төлөөлөл ажээ. Айлын том охин атлаа байнга л тэмцээний зардал гэж аав, ээжээсээ шаналгана. Үргэлж өгөөд байх боломж хаа байх билээ. 1998 онд улсын аваргын тэмцээнд түрүүлж, Тайландын Бангкокт болох Азийн тоглолтод өрсөлдөх эрхээ авчихсан үе. Тэмцээний зардал ч асуудалгүй гээд зөвхөн бэлтгэлдээ төвлөрч байв. Гэвч нэг л өдөр бүх зүйл нуран унав. Нөгөө асуудалгүй гэсэн зардлын асуудал бүтсэнгүй гэдэг хариу иржээ.

Тамирчин хүний хувьд тэр маш хүнд цохилт болсон талаар М.Сарангуа багш сэтгэл дундуур дурсана. Ингээд 11 жилийн дараа амьдралын эрхээр татамигаа орхих шийдвэр гаргажээ. “Эмэгтэйчүүдээс Самбын ДАШТ-ээс анхны аваргын медалийг авсан Бадамсүрэн таныг миний гол бэлтгэлийг хангаж  өгсөн найздаа талархахгүй байхын аргагүй гэж ярилцлагадаа дурдсан байсан…” гэхэд, “Харин Бадмаа маань саяхны нэг ярилцлагадаа тэгж дурдсан байхыг хараад сайхан санагдсан шүү. Бид чинь нэгэндээ өрсөлдөгч, найз, бэлтгэл хангагч гээд бүгд нь л болдог байлаа. Ер нь тамирчин хүний амжилт өөрөөс нь гадна багш, бэлтгэл хангагч тэр ч байтугай өрсөлдөгчийнх нь тус дэм бүгд орсон байдаг юм. Нэг үеийн бөхийн охид бид одоо ч нөхөрлөсөөр явна. Би БНСУ-д гурван жил гаруй ажиллаж амьдарч байхдаа тамирчдын бэлтгэлээ хэрхэн хийж бас нөхөн сэргэлтийг яаж авдаг талаар сонирхон судалж байлаа.

2002 онд ирээд Х.Эрдэнэт-Одтойгоо уулзах үед “Гэмтэл их байгаа, зодог тайлах талаар бодох боллоо” гэв. Би тэгэхэд “Өдий хүртэл зүтгэсэн юм чинь яаран зодог тайлах тухай яриад яахав. Арай өөрөөр нөхөн сэргэлтээ дэмжээд бэлтгэл хийгээд үзье” гэж билээ. Ямар ч байсан Х.Эрдэнэт-Од маань ДАШТээс хүрэл медаль авч дараа нь зодог тайлсанд би их баяртай явдаг. Ер нь Х.Эрдэнэт-Од маань бидний үеийнхэн дундаас ганцаараа шийр заан үлдэж, тамирчны амьдралаа ч, дасгалжуулагчийн ажлаа ч сайн хийж, бидний эхлүүлсэн тэр үйл хэргийг гайхалтай тамирчин охидтойгоо амжилт дүүрэн залгамжлуулж байгаад талархдаг.

М.Сарангуа багш жүдогийн тамирчин байсан үеэ ийн дурслаа. Үнэхээр ч өнөөдөр монгол жүдоч нар дэлхийд чансаагаараа илүүрхэж байгаа энэ амжилт мөрөөдлөөрөө зүтгэж байсан олон залуу охидын хөлс хүч, хүсэл мөрөөдөл дээр боссон байж таарна. Арван хэдхэн наснаасаа бэлтгэлийн том цүнх үүрч, Спортын ордны  зааланд өнжиж  өссөн М.Сарангуа жүдогоос явсан ч тамирчны хувь заяанаас зугтаж чадсангүй. Багаасаа бэлтгэгдэж, дасгалжсан бие нь түүнийг дахиад л бэлтгэлийн зааланд авчирчээ. 1998 он. Тэр үед бодибилдингийн спортоор залуучууд сонирхон хичээллэж эхэлсэн байлаа. Харин эмэгтэйчүүд дахиад л цөөн. Түүнийг энэ спортод хөл тавьсан анхны жил “Монголын Мисс” УАШТ (улсын аварга шалгаруулах тэмцээн)-ийг анх удаа зохион байгуулжээ. Өмнө нь “Монголын Мистер” УАШТ – э э с  Монголын мистерүүд төрж байсан бол анх удаа эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулагдав.

Бас л эмэгтэй хүн бодибилдингээр хичээллэнэ гэж үү гэсэн түмэн олны гайхашрал яриан дунд, уг спортоор хичээллээд удаагүй ч М.Сарангуа жиндээ түрүүлж, улмаар жингийн аваргууд дундаас ч “үнэмлэхүй” аварга “Монголын Мисс” болсон байна. Ингээд 1998, 2002, 2003, 2004, 2005 оны улсын аварга, 1998,2002,2004,2005 оны “Монголын мисс”, 2003, 2004 оны “Хос үзүүлбэрийн аварга” гээд аваргын титмийг хүртэж байжээ. Түүгээр ч зогсохгүй тэрбээр Монголын бодибилдингийн спортын түүхэнд анх удаа Азийн тэнгэрт аварга гэх цол хүртэж нэгэн шинэ хуудсыг нээж байжээ. Бодибилдингийн спортоор зөвхөн эмэгтэй ч биш, бүр эрчүүдийн авчирч чадаагүй байсан олон улсын медалийг Монголдоо анх удаа авчирсан нь тэр юм. 2004, 2005 оны Азийн аваргын титмийг дараалан авч байлаа.

Сүүлд ч гэсэн 2010 онд амаржаад удаагүй, бэлтгэл гүйцэд хангагдаагүй ч Азийн аваргаас мөнгөн медаль аваад ирж байсан гэнэ. Анх зааланд орж ирээд М .Сарангуа багшийг бодибилдингийн тамирчин гэхэд зангирсан булчингүй байгаад гайхсан гэдгээ хэлээд тавьчихлаа. Тэрбээр инээгээд “Бодилбилдингийн мундаг тамирчин байлаа гээд эмэгтэй л хүн бол эрчүүд шиг зангирсан том булчинтай байх боломжгүй л дээ. Зарим бүсгүйчүүд бодибилдингээр хичээллэвэл том булчинтай болно гэж айдаг. Эмэгтэй хүн чинь эрэгтэй хүнээс өөр дааврын зохицуулалттай. Эрэгтэйчүүд шиг тестостерон даавар ихээр ялгарч байж тэгж булчин томорч ярзайна шүү дээ. Түүнээс биш өөртөө тосон даавар аваад тарихгүй л бол тийм том булчин гарч ирэх боломжгүй юм. Ер нь анх энэ спортын хөгжсөн гол зорилго нь, хүн өөрийнхөө эрүүл мэнд болоод бие бялдрыг хүссэнээрээ сайн сайхнаар бүтээж удирдах боломжтой гэсэн шинжлэх ухааны нээлт ололт амжилтын үндэс суурин дээр хөгжсөн юм. Цаашлаад спорт өрсөлдөөн болон хөгжсөн. Мэргэжлийн их спортын нөгөө тал нь шударга бус өрсөлдөөн допинг-том булчин гэсэн туйлшрал юм. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн дааврын хэрэглээ ч зам­ бараагүй болоод эхэлсэн. Энэхүү сөрөг талыг багасгах зорилгоор, тэмцээнийг шинээр олон ангилалтай болгон зохион байгуулах болсон.Допинггормон, энэ нь эргээд нөхөн үржихүйд асуудал үүсгэдэг нь нэгэнт тодорхой болсон. Элдэв даавар хэрэглэсэн эмэгтэйчүүд цаашлаад залуу эрчүүд ч эрүүл мэндийн хувьд гажигтай, үр хүүхэдгүй болох өндөр эрсдэлтэй. Манайд энэ спортоор хичээллэж байгаа зарим хүн богино хугацаанд өндөр амжилт үзүүлэх гээд мэдээлэл, мэдлэггүйгээс тэр үү элдэв даавар бэлдмэл замбараагүй хэрэглэх боллоо. Энэ асуудлыг өөр түвшинд гаргаж ирэхгүй бол бас анхаарал татах сэдэв болж байна” гэсэн билээ. М.Сарангуа багш дасгалжуулж байгаа хүнийхээ хөдөлгөөн нэг бүрийг нягт ажиглана. Бас их хүчилж, олон тоогоор дасгал ерөөсөө хийлгэхгүй аж. Хэт их ачаалал өгөхөөс илүүтэй зүрх судасны үйл ажиллагаа болоод үе мөчдийг дараагийн дасгалын ачаалалд шат дараатай бэлтгэж хөгжүүлэх ёстой байдаг юм байна. Эхлээд хүмүүс эрүүлжих түвшинд хичээллэж, холестрины хэмжээгээ бууруулж, хэвийн болгож хүнд ачаалал авахгүй бол эргээд эрсдэлд орно. Сүүлийн үед дасгалжуулалт гэдэг зүйл байхгүй болсонд мэргэжлийн хүний хувьд санаа зовниж явдгаа бидэнтэй хуваалцсан юм. Тэрбээр манай монголчууд мах өөх илчлэг ихтэй уламжлалт хооллолтоос шалтгаалаад бага наснаасаа эхлээд холестриний түвшин их талдаа, дасгалжаагүй зүрхтэй байдаг. Оюутан сурагчдыг хэт их хурдтай гүйлгээд зүрх нь хаагдаж байна. Бас дасгалжуулаагүй байж цэргүүдийг хэмжээнээс нь давсан ачааллаар ачааллаад асуудал босч байна. Ингэж хүнийг алж болохгүй ээ. Тийм хурдтай гүйлгэх хэмжээнд дасгалжуулсны дараа ачаалал өгөх ёстой болохоос. Хүн бүрийн биеийн онцлог, ачаалал даах чадвар тусдаа. “Дасгалжуулалт гэдэг зүйлийг орхигдуулчихаад бие муутай хүн байсан, тохиолдлоор нас барчихлаа гэж ярьж болохгүй” хэмээж байлаа.

М.Сарангуа багш дээр илүүдэл жингээс гадна эрүүл мэндийн асуудалтай хүмүүс ирнэ. Хүн хүнд нь зориулсан нөхөн сэргээх дасгалыг зааж өгч, цаашдаа амьдралынхаа туршид хэрэгжүүлэх өөрийн гэсэн дасгал хөтөлбөртэй болгодог байна. Бас өсвөр насны хүүхдүүдтэй ч ажиллах хэрэг гарна. Шувуун цээж, бөгтөр нуруу, нэг талын булчингийн хэт хөгжил болон хоцрогдол, сульдаа, өсөлтийг дэмжих гээд хүүхэд бүрт тохирсон аргыг ч гаргана. Орчин үеийн хүүхдүүд хэт олон цагаар буруу сууж хичээлээ хийснээс нурууны өвчин асуудал дагуулжээ. Бас нурууны мэс засалд орох ёстой гэсэн заалттай хүмүүс түүнийг зорин ирж дасгалжуулалт аваад нуруу өвдөх зовиургүй амьдарч яваа нь олон юм. Хүн болгоны биеийн онцлог ондоо байдаг. Шавь нарынхаа сэтгэл зүй, бие физиологид тааруулж дасгалжуулалт хийнэ гэдэг амаргүй ажил юм билээ. М.Сарангуа багш шинжлэх ухааны нээлт ололтууд байнга шинэчлэгдэж өөрчлөгдөж байхад бид ч бас дагаж мэдээллээ нэмж, өөрчлөгдөж байх ёстой гэж үздэг. Мөөеө аварга Их шавийн дээд сургууль нээхэд 19921996 онд жүдо, самбо бөхийн багш дасгалжуулагчаар төгсч, 2003-2006 онд Москвагийн БТДС-ийн магистрыг “Биеийн тамир, спортоор чийрэгжиж эрүүлжих технологи” сэдвээр хамгаалжээ. Бас 2010 онд БНСУ-ын Бодибилдинг фитнесийн  академид суралцсанаар мэргэшсэн мэргэжлийн тамирчин дасгалжуулагч, багшийн болзлыг хангасан байна. Одоо ч байнга шинээр суралцсан хэвээр. Тэрбээр хувь хүн бүрт тохирсон хөдөлгөөн ачаалал, бас өөрт нь тохирсон хоолны жорыг гаргаж өгдөг. Тиймээс багшийн гаргасан цэсийн дагуу хооллож, хөдөлгөөнийг хийж байхад жин хаяхгүй хүн гэж байхгүй. Харин цэсийг жаахан өөрчлөөд өөрөө зохиогоод идчихвэл жин буудаггүй гэдгийг түүний шавь нар хэлж байлаа. Олны танил бүсгүйчүүдийг ч томоохон тоглолт уран бүтээлийн өмнө нь нүд алдам гоё болгож байсан түүх бий. Дуучин Т.Ариунаа ид үеийн гоё, гоё тоглолтуудынхаа өмнө М.Сарангуа багш дээр ирж хичээллэдэг талаар тухайн үед яригддаг л байсан. Жүжигчин У.Уранчимэгийн 2003 оноос тэсрэлттэй эхэлсэн карьер “Шөнө дундын бүжиг”, “Минийх” нэг хүний драмын жүжиг, “Би эр хүнд хайртай” жүжиг, “Миний нууц” кинон дээр гайхалтай гоё бие бялдрыг харуулдгийн цаана энэ хүн л байсан. Дуучин Д.Болдод ч багшилж байсан. Дуучин Г.Эрдэнэтунгалаг бас жигтэйхэн жин хассан үедээ түүн дээр хичээллэж байжээ. Тэрбээр “Нэмэхгүй жин, өсөхгүй өөх гэж байхгүй. Хэвийн жиндээ хүрсэн бол амьдралын зөв хэв маяг, хөдөлгөөнийг дадал хэвшил болгох ёстой” хэмээн шавь нартаа анхааруулдаг ажээ. Бас түүний нэгэн шавь дуучин Б.Мягмарсүрэн Францаас интернэтээр холбогдож хоолны шинэ жор гаргуулж авмаар байна гээд ярьж байв. Тэрбээр өнгөрсөн өвөл Монголд байх багахан хугацаандаа 12 кг хасч, одоо байнга багшийнхаа зааварчилгаагаар явж эрүүл мэнддээ анхаарч жингээ зохицуулсаар байгаа ажээ. М.Сарангуа багш үдээс өмнөх шавь нараа хүлээн авсны дараа өдрийн цайгаа уухаар гэртээ орлоо. Энэ үед түүний гэр бүлийн хүн Д.Золбаяр гэртээ өдрийн хоолоо идэхээр ирж таарсан юм. Тэрбээр мөн бодибилдингийн тамирчин, олон улсын хэмжээний мастер. 2010 оны Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медаль авч байв. Улсын аваргын тоо бол хосын үзүүлбэртэйгээ найм давах ажээ. Тэрбээр 2003, 2011 оны Монголын мистер юм. Тэднийг бэлтгэлийн зааланд анх нэг нэгнээ харсан байх гэж бодсон үнэхээр тийм ажээ. Нэг зааланд бэлтгэл хийдэг байжээ. Д.Золбаяр ярихдаа “Манай хүн бодибилдингээр хичээллэж эхлээд удалгүй “Мисс Монголиа” зохион байгуулагдсан юм. Тэгэхэд түрүүлээд л жиндээ аварга, дахиад үнэмлэхүй аварга болоход олон хүн хаанаас хэн гараад ирэв гэж байсныг мартдаггүй юм. Хэдийгээр бодибилдингээр хичээллээд удаагүй байсан ч их спортоор хүүхэд байхаасаа хичээллэсэн угаасаа бэлтгэгдсэн хүн байсан л даа. 1998 онд би бас ч гэж энэ спортоор хичээллээд дөрвөн ч жил болчихсон байсан болохоор тэг, ингэ гэх мэтчилэн зааж өгч байлаа. Гэтэл миний хажууд хуучны хүн байсан байна лээ” гээд инээж байв. Тэр гэргийнхээ анхдагчдын амаргүйг туулах хувь тавилангаар бахархаж явдгаа хэлсэн юм. Жүдо бөхийг Монголд хөгжихөд, охид бүсгүйчүүд энэ спортоор хичээллэх шанг нь тавьж, өөрийн үүргээ гүйцэтгэсэн. Бас бодибилдингээр анхны олон улсын тэмцээнээс шагналыг нь авч, эрчүүд бидэнд ч урам зориг өгсөн гэж тэр ярив. Бас нэг сонин зүйл байдаг нь спортын ертөнцийн хамгийн том шагнал болох “Бөртэ Чоно” наадмын шилдэг тамирчнаар өнөөг хүртэл бодибилдинг фитнесийн төрлөөс ганц л тамирчин тодорсон байдаг нь М.Сарангуа ажээ. Үнэхээр эрчүүдийн гаргаагүй амжилтыг эрчүүдийн гэгдэх спортод анхлан гаргасан учраас тэр энэ алдрыг хадгалж явдаг биз ээ. Д.Золбаяр, М.Сарангуа нар гурван охинтой. Том охин нь их сургуулиа инженер мэргэжлээр төгсөөд “Оюу толгой” компанид ажиллаж байгаа ажээ. Харин хоёр бага нь ихэр. Ихрүүдээ төрүүлээд удаагүй байхдаа 2010 онд Азийн аваргын тэмцээнд орж, аман хүзүүдэж мөнгөн медаль хүртэж талаар дээр дурдсан. Д.Золбаяр нэг хэсэг өөр ажил ахуй гээд явсан ч сүүлийн үед бэлтгэлээ эрчимжүүлэн хийх болжээ. Бусад спортод тэдний нас зодог тайлах үе байдаг бол бодибилдингийн спортод жинхэнэ булчин чангарч, ид хөгжсөн гайхалтай нас гэлээ. М. Сарангуа багш, тамирчны карьераа яс хөөн, тив дэлхий гээд хэдэн ч удаагийн аварга болоод явах зам байсан ч, эрүүл, өв тэгш бие бялдрын талаар бусдад үлгэр дуурайл болж, зааж сургах нь зүйтэй гээд сонголтоо хийсэн. Түүний авчирсан олон улсын чанартай медаль цом шагнал бол дандаа WADA буюу допингийн эсрэг холбоонд нэгдсэн байгууллагуудын тэмцээнд орсон шагнал. Сүүлийн үед дэлхийд олон төрлийн тэмцээн уралдаан зохиогдох болж дагаад допинг, элдэв бодисын хэрэглээ нэмэг­ дэх болсонд тэрбээр санаа зовж явдаг нэгэн. Тиймээс аль болохоор залуу тамирчдыг мэдлэгжүүлж, мэдээлэлжүүлж эрүүл мэнддээ сөрөг нөлөөгүй, эрч хүчтэй, төгс бие бэлдэхийн учрыг тайлж ойлгуулахад сэтгэлээ чилээж явдаг юм билээ. Ийм нэгэн спортлог, гэгээлэг бүсгүйтэй нэгэн өдрийг өнгөрүүллээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх