15 настай хүүхэд машин жолоодож яваад онхолджээ

2019 оны 04-р сарын 08 өдөр, 12 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol

2019.04.06-07-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 555 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлагыг хүлээн авч шалгалаа.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 2 хүн, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн.

Тухайлбал:

  • 04.07-ны өдрийн 16 цагийн орчим СХД-ийн нутаг Хүй 7 худгийн замд H.Sonata маркийн автомашин онхолдож зорчигч 58, 55 настай 2 хүний амь нас хохирсон,
  • 04.06-ны өдрийн 13 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, “Шатан” гэх газар шороон замд T.Passo маркийн автомашин нь Чансаа маркын улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 57 настай О-н амь нас хохирч, 10 настай Г гэмтсэн,
  • Мөн СХД-ийн нутаг Тахилтын зам, 1-р автобусны буудлын замд Platz маркийн автомашин жолооч 15 настай Д нь жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, жолооч зорчигч нарын 15 настай 2 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Тээврийн цагдаагийн албанд 2019 оны 01 дүгээр улиралд 17225 зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл хүлээн авснаас 6415 зам тээврийн осол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн ослын 5688 буюу 88,6% нь Улаанбаатар хотод, 727 буюу 11,4% нь орон нутагт бүртгэгджээ.

Эхний улиралд улсын хэмжээнд 328 гэмт хэрэг гарч, 96 хүний амь нас хохирч, 263 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 12,7%-иар, нас барсан хүн 10,3%-иар, гэмтсэн хүн 38,4%-иар тус тус өссөн ба Улаанбаатар хотод гэмт хэрэг 29,6%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Хүний амь нас хохирсон гэмт хэргийн 60 орчим хувь нь онхолдох хэлбэрээр гарч байгаа бөгөөд энэ нь Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон, Хурд хэтрүүлсэнээс шалтгаалж байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 17 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 5, онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдсэн.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо. Мөн хяналт шалгалтын үеэр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Цэрэндорж нь T.Estima маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч А нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлж харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгаж байна.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх