Энэ онд нийслэлд 8 сургууль шинээр барина

2019 оны 04-р сарын 05 өдөр, 10 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
56526767_596387267528210_7386767046681296896_n_20190404062149_20190404073839

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдааны эхний хэсэгт  Монгол улсын  2019 оны төсөвт батлагдсан нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын явц, газар чөлөөлөлт, Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хийлийн цэсийн маргааныг хянан шийдвэрлэх саналыг дэмжих тухай асуудлуудыг хэлэлцэв.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 30 цэцэрлэг, найман сургууль, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг насан туршийн боловсролын төв, дөрвөн спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барихаар төлөвлөснөөс долоон сургууль, хоёр спорт заал, 21 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нийт 31 сургууль, цэцэрлэгийн барилгын худалдан авах ажиллагааны эрх нийслэлд шилжин иржээ.

Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх чиглэлээр 2019-2020 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний дүн мэдээг нэгтгэж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг байгуулжээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Сургууль цэцэрлэгийг барих газар чөлөөлөлтийн ажлыг онцгой анхаарч шуурхайлж ажиллая. Дүүргийн дарга нар энэ асуудлын хүрээнд баригдахаар төлөвлөгдсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж, ажил явуулах ямар гарц гаргалгаа байгаагаа ярилцах хэрэгтэй. Цаашдаа сургууль цэцэрлэггүйгээр томоохон орон сууцны хотхоны төлөвлөлтөд зөвшөөрөл олгох ёсгүй. Холбогдох газар хэлтсийн дарга нар нэг байранд байж ажлаа нэгтгэж чадахгүй, бие биенээ рүүгээ албан бичиг шидэлж, ажил гацаадаг явдлаа болих ёстой” гэв.

Түүнчлэн Засаг даргын үүрэг даалгавар болгосны дагуу сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг оновчтой тогтоох, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудлыг шийдвэрлэх ажлыг судлаж хэрэгжүүлэхийг нийслэл, дүүргийн удирдлагуудад чиглэл болголоо.

Хилийн цэсийн маргааны асуудлыг шийдвэрлэлээ

Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын 24 дүгээр тогтоолын дагуу газрын нэгдмэл сангийн тайланд нийслэлийн нутаг дэвсгэр 470.4 мянган га талбайтай гэж бүртгэгдсэн. Нутаг дэвсгэрийн хэмжээнд Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн давхцалтай хэсэг болох 54 мянган га газар нутаг багтдаг талаар тэрбээр дурьдлаа. Тус хилийн маргаантай хэсэгт Эрдэнэ сумаас 3259 га Налайх дүүргээс 6101 га газрыг иргэд аж ахуйн нэгжид олгожээ. Газар олгосон асуудлыг хилийн цэсийн маргаан шийдвэрлэгдсэний дараа зөрчлийг арилгахаар төлөвлөж байгаа хэлэв.

Дээрх маргааныг 1996 оны УИХ-ын 24 дүгээр тогтоолын дагуу шийдвэрлүүлэх саналаа Налайх дүүргийн Засаг дарга дүүргийн ИТХ-д уламжилжээ. Засаг даргын зөвлөлийн хурлаас дээрх тогтоолын дагуу асуудлыг хэрхэн шийдвэрлэх саналтай байгаагаа НИТХ-д уламжилжлаж,холбогдох  тогтоол шийдвэр гаргуулахаар боллоо  гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх