Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-д ээлжит Бүх гишүүдийн хурал (БГХ) -аа зарлан хуралдуулах хуулийн хугацаа энэ сарын 01-нээр дуусгавар боллоо. ХЗХ-д БГХ-аар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр болон бусад холбогдох мэдээллийг тусгасан дэлгэрэнгүй тэмдэглэлийг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх сүүлийн хугацаа нь тавдугаар сарын 01-н байх юм.
БГХ-ын ирцийг хуульд, “100 хүртэл гишүүдтэй бол бүх гишүүдийн хурал нь нийт гишүүний тавиас доошгүй хувь нь оролцсоноор, 101-ээс дээш бол нийт гишүүдийн хориос доошгүй хувь нь оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд ирц хүрээгүй бол ажлын 20 өдрийн дотор дахин зарлах ёстой. Ингэхдээ, БГХ-ыг дахин хуралдуулахаас ажлын таваас доошгүй өдрийн өмнө зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг гишүүдэд хүргэнэ.
Хороонд ирүүлэх БГХ-ын дэлгэрэнгүй тэмдэглэлд хурал болсон огноо, байршил, үргэлжилсэн хугацаа, хэлэлцсэн асуудлууд, ирцийн мэдээлэл, нарийн бичгийн дарга, тооллогын комиссын гишүүдийн нэрс, санал хураалтын арга, хэлбэр, дүнг заавал тусгасан байхаар хуульд заасан байдаг.