ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуур бол Монгол Улсын стратегийн ач холбогдолтой бараа юм

2019 оны 04-р сарын 04 өдөр, 10 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
56347736_417924615640336_3699482346836197376_o

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, сайдын зөвлөх Р.Жадамбаа, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү,  Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Болормаа нар “Монголын ноос ноолуурын холбоо”-ны удирдлага, төлөөлөлтэй уулзалт хийж, “Кашмер холдинг” ХХК-ний үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцтай өнөөдөр /2019.04.02/ танилцаж, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудал, санаа бодлыг сонссон юм.

Монголын ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэгчдэд 2018 онд 188 тэрбум төгрөгийн зээл олгосон нь үйлдвэрлэлийн өргөтгөл шинэчлэлийг тодорхой төвшинд ахиулж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэдгийг үйлдвэрлэгчид онцлов. Тэд  хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог тодорхой болгох, хууль эрхзүйн орчинг сайжруулах, тоног төхөөрөмж худалдан авахад татварын хөнгөлөлт үзүүлэх, тоног төхөөрөмжийн зээлийн хугацааг 20 жил болгох, ноолуурын үнэ,  угаасан ноолуурыг экспортод гаргах эсэх, энэ салбарын боловсон хүчний асуудлыг тус бүр хөндсөн юм .

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Ноолуур бол Монгол Улсын стратегийн ач холбогдолтой бараа юм. Тийм учраас тусгайлсан цогц бодлоготой болох хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлтийн хуулиудыг нийтлэгээр бодож хугацаа нь дууссан гээд байх уу. Эсвэл стратегийн бараа гэсэн утгаар үзэж, ноос ноолуурын салбарын тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлөх, 9500 тонн ноолуурыг дотооддоо бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд энэ салбарт зохицуулалт хийх нь чухал байна. Ноос ноолуурын салбарын дунд хугацааны бодлого гаргах нь зүйтэй.

Ноолуурын үнэ энэ жил 130-140 мянган төгрөг хүрсэн. Нэг талдаа малчиддаа эдийн засгийн үр өгөөжтэй. Нөгөө талдаа үйлдвэрлэгчиддээ хүндрэлтэй байна. Тиймээс ноос ноолуур бэлтгэн нийлүүлэх малчин, түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчдийн хамтын  ажиллагааг  уялдуулж,  ноос ноолуурыг чанарын ялгаатай болгож, ашиг олсон нь татвар төлдөг болгох гэсэнтэй санал нэг байна.

Малчид ноосоо үйлдвэрт тушааж, түүхий эд нь эцсийн бүтээгдэхүүн болох учиртай. Үндэсний үйлдвэрт  тушаасан баримттай малчинд ноосны урамшуулал олгох нь зүйтэй юм.

Ноолуурын салбарыг стратегийн ач холбогдолтой салбар болгон хөгжүүлэхэд төр хувийн хэвшил хамтран ажиллах нь зүйтэй.  Эдгээр саналууд дээр өнөөгийн хууль эрхзүйн орчинд,  хөрөнгө санхүүгийн байдалд нийцүүлээд бодлого тодорхойлох нь зөв юм” гэв.

Ноолуурын үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр  2018 онд 188 тэрбум төгрөгийг өгсөн. Харин энэ жил  энэ төсвийг нэмэгдүүлж  300 тэрбум төгрөгийг өгөх урьдчилсан ойлголцол байсан. Хөгжлийн банк, Олон улсын валютын сантай хийсэн тохиролцооны дагуу зээл нэмэхгүй гэсэн байр суурьтай байна. Энэ асуудлаар Сангийн сайдтай ярилцсан. 2019 онд ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх асуудал Олон улсын валютын сангийн хязгаарт хамаарахгүй. Хөгжлийн банканд олгож байгаа нийт лемит дотроо зохицуулж, стратегийн салбарт өгөх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн гэдгийг  ХХААХҮ-ийн сайд онцолж юм.

“Монголын ноос ноолуурын холбоо”-ны төлөөллөөс гаргасан дээрх санал санаачлагыг нэгтгэн, хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх