Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох тухай асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж шийдүүллээ.
Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих…мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн.
ЗГ-ын ээлжит хуралдаан дуусмагц төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой энэхүү чухал шийдвэрийг танилцуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзсан юм.
Уулзалтын эхэнд тус зөвлөлийн гишүүд байгууллагынхаа бүтэц, орон тоо, үйл ажиллагааны хамрах хүрээ, төрийн албан хаагчдыг чадавхижуулах чиглэлээр хийж байгаа ажлууд, төрийн албаны шинэтгэлийг хэрхэн хийх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өгсөн юм.
ЗГ-ын өнөөдрийн хурлаас төрийн албаны бүх шатны дарга, албан хаагчдыг мөрийтэй тоглоом, казино тоглохыг хориглох шийдвэр гаргасан талаар Л.Оюун-Эрдэнэ сайд тус зөвлөлийнхөнд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тиймээс ЗГ-аас гаргасан энэ шийдвэрийг ТӨБЗГ-тай хамтарч төрийн албан хаагчдад ойлгуулах, сурталчлах, сургалт зохион байгуулах, улирал тутамд энэ хүрээнд хийсэн ажлаа тайлагнах, хэрэгжилтийг нь хангуулах зэрэгт ТАЗ анхаарахыг Л.Оюун-Эрдэнэ сайд тус зөвлөлийн гишүүдэд чиглэл болгосон юм.
Төрд ажиллаж буй хэн боловч гадаад, дотоодод казино, мөрийтэй бусад тоглоом тогловол ажлаас нь чөлөөлөх, хариуцлага хүлээлгэдэг болохоос гадна хэвлэл мэдээлэл, иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг ч мөн тодотгосон юм. Тэрбээр, “Аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтнууд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг албан хаагчид. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монгол төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит ААН-ийн дарга, захирлууд олноор холбогдох болсон.
Үүнээс гадна Засгийн газраас Монгол улсын өнгөрсөн 27 жилийн алдаа, оноог бүхэлд нь дүгнэхээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдийн хамгийн гол алдаа нь хөгжлийн бодлогын асуудал болон хүний нөөц буюу төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, улс төрөөс ангид тогтвортой байлгах, төрийн залгамж чанарыг хангах асуудал байсан гэдгийг бас Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ онцолсон. Үүнтэй холбогдуулж Монгол улсын төрийн алба дараагийн 25 жилд ямар түвшинд хүрэх талаарх төсөөллөө тодорхойлж, 5, 6-р үеийн шинэтгэлээ боловсруулж ойрын үед уулзалт зохион байгуулж, эргэж танилцуулахыг чиглэл болгосон юм.
Мөн төрийн албыг үнэлж зарах хэмжээнд очсон байгааг хэрхэн засах вэ, гадаадын нэр хүндтэй байгууллагад ажиллаж байгаа чадварлаг хүмүүсийг төрийн албанд давуу эрхээр яаж татах вэ, төрийн албаны шинэчилсэн хуулийн шалгуурт нийцэхгүй байгаа хүмүүсийг хэрхэн цэгцлэх вэ гэх зэрэг хэд хэдэн асуудалд анхаарах шаардлага үүсч байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд онцлоод ТАЗ-ийг санасан хэмжээнд сайн ажиллаж байна хэмээн дүгнэсэн юм.
Энэ оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Монгол улсын төрийн албан хаагчдын тоо 193,557 байгаа аж. Төрийн албаны тухай хуулийг 1995 онд анх баталж гаргаснаас хойш 2019 он хүртэл төрийн албаны шинэтгэлийг 4 үе шаттай хийгээд байгаа аж. Тиймээс төрийн албаны дараагийн шинэчлэлийг одооноос ярих шаардлагатай байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.