БСШУС-ын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргалаа.
Тушаалд 2018-2019 оны хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн суралцагч, холбогдох багш нарыг БСШУСЯ-аас баталсан олон улсын болон дотоодын төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн спортын VI наадмын зуны төрлийн анхан шатны тэмцээнээс бусад уралдаан, тэмцээнд зохион байгуулалттай оролцуулахгүй байхыг нийслэл, дүүргийн Боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгосон байна.
БСШУС-ын сайдын мэдээллэж буйгаар “Дэлхийн аль ч оронд бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан үйлдэл болоод байна. Түүнээс гадна багш нар давхардсан тоогоор 419 төрлийн нэмэлт ажил хийдэг байна. Тиймээс цаашид аливаа олимпиад, уралдаан, тэмцээнийг БСШУСЯ-аас батлах журамд нийцүүлэн зохион байгуулж байхаар тушаалд тусгажээ.
Зөвхөн тухайн хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, ахмад үе, уламжлалаа хүндэтгэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хүнлэг тусч зан чанар, харилцааны соёлтой болгох, бие бялдрын хөгжлийг хангахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа, багийн уралдаан, тэмцээн зохион байгуулахыг дэмжинэ гээд эдгээр уралдаан, тэмцээн зохион байгуулахад суралцагчаас хураамж авахыг хориглосон байна.