Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт фото сэтгүүлч М.Цэрэнжамц агсны нэрэмжит шилдэг бүтээлийн уралдааныг зарлажээ. Монголын гэрэл зургийн хөгжилд амьдрал юугаа зориулж, үнэ цэнэтэй түүхэн баримтат гэрэл зургуудыг үлдээсэн гавьяатай хүмүүн бол соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт фото сэтгүүлч М.Цэрэнжамц агсан юм.
Фото сэтгүүл зүйн салбарт өөрийн тод мөрөө үлдээсэн энэ хүмүүний үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор мэргэжил нэгт нөхөд, үр хүүхдүүд нь нийт гэрэл зурагчдын дунд шилдэг бүтээлийн уралдаан зарласан байна. Уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид 2018 – 2019 оны үйл явдлын баримтат гэрэл зургаар оролцох ажээ.
Нэг хүн 5 хүртэл бүтээлээр оролцож болох бөгөөд тухайн бүтээл нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байх ёстой аж. Бүтээлүүдийг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 03 хүртэл хүлээн авах юм байна. Шагналын сан нэгдүгээр байр 1.5 сая төгрөг, хоёрдугаар байр 1 сая төгрөг, гуравдугаар байр 500 мянган төгрөг юм байна. Бүтээлийг mongolianphotographers@gmail.com цахим хаягаар болон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны байранд файлаар хүлээн авах аж.