Сүүлийн үед Монгол улсад үүсээд байгаа нөхцөл байдал, ялангуяа шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагуудын удирдлага, алба хаагчдын сахилга бат, мэргэжлийн ур чадвар, хариуцлагын талаар болон эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлаар хуульч, судлаач Х.Бат-Ялалттай ярилцлаа. Х.Бат-Ялалт нь 2006 оноос Иргэдийн Шударга Шүүх ТББ-ыг үүсгэн байгуулж шүүх, хууль хяналтын байгууллагуудын алдаатай үйл ажиллагааг шүүмжилж, тэмцэж ирснийг манай уншигчид мэдэж байгаа бизээ.
– Таньд энэ өдрийн мэндийг хүргэе?
– Баярлалаа. Таньд болон танай уншигчдад бас энэ өдрийн мэндийг хүргэе.
– За танаас маш олон асуулт асуумаар байдаг. Богинохон хугацаанд маш их үйл явдал болж өнгөрлөө. Өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ?
– Их олон үйл явдал болж өнгөрөөд байгаа юм шиг боловч ерөнхийдөө нэг л нөхцөл байдал олон давтагдаад байна шүү дээ. Улс төрийн нам нэртэй гэмт бүлэглэлүүд сонгууль луйвардаж төрийн эрх мэдэл авч УИХ байгуулдаг. Тэгээд УИХ нь засгийн газраа байгуулж төрийн албаны дарга удирдлагуудаа томилдог. Эрх мэдэлтнүүд нь хуйвалддаг. Хулгайлдаг. Эрх мэдэлгүй хэсэг нь илчилдэг, огцруулдаг. Энэ үйл явдлын давтагдах зай нь л ойртоод байгаа юм. 4 жилд 1 удаа зөвхөн сонгуулиар л нэгнийхээ хулгай луйврыг илчилдэг байсан бол одоо 2 жил тутамдаа нам доторх эсвэл нам дамнасан гэмт бүлэглэлүүд төрийн эрх мэдлийн төлөө тэмцэлддэг болжээ. Ганцхан өгүүлбэрээр хэлбэл төрийн эрх мэдлийг авахын төлөөх тэмцэл өрнөж байна. Мэдээж тэмцэл гэдэг үгийг хэлж байгаа болохоор 2 буюу түүнээс дээш бүлэглэлүүд өөр хоорондоо тэмцэлдэж үхэх, сэхэхээ үзэлцэж байна. Энэ бүлэглэлүүдийг МАН, АН, МАНАН гэж нэрлэж болно. Нэг талаас нь харахаар улс төрийн нам гэж харагдаж байгаа боловч нөгөө талаасаа зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд байгаа юм л даа. Бүлэглэлүүд ээлжилж төрийн эрхийг барьж улс орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг устгаж, завшиж, үрэгдүүлж байна. Эрх баригчид нь хагартлаа баяжаад л, ард иргэд нь амиа хорлотлоо ядууралд автсан нэг иймэрхүү л байдалтай болчихлоо. Үүнийг миний бие 15, 6 жилийн өмнөөс л хэлж ярьж явна даа. Одоо нийгэм ямар болчихоод байгааг ярихаас илүүтэй яагаад ийм болчихсон юм бэ? Хэрвээ манай нийгэм өвчилчихсөн юм бол хэдийнээс өвчилсөн юм бэ гэдэг асуултуудад зөв хариулт олж байж бид нийгмээ эрүүлжүүлж эмчлэх тухай ярина л даа. Энэ бүхний шалтгаан ердөө л хараа, хяналтгүй төсвийн хөрөнгө мөнгө шүү дээ. 1990 онд АИХ-аас Ардын Хянан Шалгах Хороо гэдэг байгууллагыг татан буулгаад, 1992 рны Үндсэн хуулиараа Шүүх бүрэлдэхүүнд тохиолдлын байдлаар ордог байсан Ардын төлөөлөгчдийг шүүх бүрэлдэхүүнээс хассанаар л өнөөгийн энэ гажиг, гэмт бүлэглэлээр удирдуулдаг нийгэм үүссэн юм л даа. Тэгэхээр бид тогтолцоогоо засч ирээдүйд өнөөдрийнх шиг завхрал хямрал гарах нүх цоорхой бүхнийг бөглөх хэрэгтэй байгаа юм. Та бүхэн сайн ажиглавал зөвхөн эрх мэдлийн төлөөх тэмцлийн үр дүнд эрх мэдэлтэн албан тушаалаасаа огцрохоос өөр шийтгэл, хариуцлага хүлээхгүй байгааг анзаарч болно.
– Монгол улсын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсаныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг манай хууль хүчний байгууллагыхан илрүүлж Содномдаржаа, Амгаланбаатар, Чимгээ нарыг буруутган Монгол улсын шүүхээр шийтгэж нэр бүхий этгээдүүд ял эдэлж байгаа билээ. Гэтэл УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зүгээс дээр хүмүүс хилсээр яллагдсан хэмээн үзэж ар гэрээс нь уучлал хүсч улмаар УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүллээ л дээ. Та энэ талаар юу хэлэх вэ?
– Юуны өмнө С.Зориг агсан маань үнэхээр амьддаа ч, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч нийгмийн нэрт зүтгэлтэн хэвээрээ байгаа юм байнаа гэх бодол төрж байна. Гэмт бүлэглэлүүд өөрсдийнхээ шунал хүслийг гүйцэлдүүлэхдээ хүний амь насыг ч хохироохоос буцахгүй араатнууд гэдгийг харуулаад бурханы орондоо заларсан бол төрийн эрх мэдлийг ашиглаж гэм зэмгүй хүмүүсийг тамлаж, яргалж, эрүүдэн шүүж хэлмэгдүүлдэг нэн эртний арга барилаар гэмт хэрэгтэй тэмцдэг манай хууль, шүүх эрх мэдлийн байгууллагуудын алдаа, завхралыг мөн л өөрийнх нь амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажилласан ажилтнуудын бусармаг үйлдлийг илрүүлээд өгчихлөө гэж харж байна. Эрдэнэт үйлдвэртэй манай албан тушаалтнууд бүгд нэр холбогддог. Талийгаач С.Зоригийн хэрэг ч Эрдэнэт үйлдвэртэй нэр холбогддог. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн үйлдэл өнгөцхөн харахад их баатарлаг, шударга байгаа ч үнэн хэрэгтээ зөвхөн С.Зоригийн хэрэг буруу шийдэгдсэн гээд л мөн өмнө нь 5-н ч удаа хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа энэ хэрэгт олон арван хүмүүсийг нэр холбож эрүүдэн шүүж байсан олон баримт байдаг. Жишээлбэл Д.Энхбатыг Франц улсаас хулгайлуулж авчруулсан, тамласан, алсан тухай асуудал яригддаг. Ер нь бол эрүүдэн шүүлт хаа сайгүй байна. Үүнийг ч Хүний эрхийн Үндэсний комиссыхон хэллээ. Бид ч олон арван баримтууд дэлгэж байсныг санаж байгаа байхаа. Эрүүдэн шүүлт өнөөдрийг хүртэл амь бөхтэй байгаа талаар бид өнгөрсөн 13 жилийн хугацаанд эрх барьж байсан бүх хүмүүст л хэлдэг, бичдэг, ярьдаг байсан. Уржигдархан гэхэд л нэг залууг цагдаагийн байгууллага дээр гавтай хонуулахдаа цонхыг нь онгорхой хонуулж дааруулж гэсгээсэн байх жишээтэй. Тамхины галаар түлсэн, ганц худагт камер хэсүүлж зодуулдаг гээд л олон олон баримтууд байна. Хэрэг бүхэн дээр манай хууль зүйн сайд Ц.Нямдорж маань яг ингэж ажилладаг бол үнэхээр сайхан байна.
– Өнгөрдөг УИХ-ын ээлжит бус сонгуулиар 3 хуулинд нэмэлт орууллаа. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг Ерөнхийлөгч зарлиг гаргаад өөрчилчихдөг боллоо. Энэ талаар таны байр суурь ямар байна?
– Монгол улсын төр тогтвортой, бодлоготой, тасралтгүй, үнэнч шударгаар ажиллах ёстой. Харамсалтай нь манай төр засаг үнэхээр тогтворгүй болчихлоо. Ээлжит бус УИХ-ын чимээ ч сонсогддог боллоо. УИХ-ын даргаа хүссэнээрээ өөрчилдөг ч боллоо. Нэг Их хурлын бүрэн эрхийн хугацаанд нэг салбарт 2-3 сайд, 2-оос доошүй засгийн газар ажилладаг боллоо. Одоо дээрээс нь нэмээд Ерөнхий шүүгч, Ерөнхий прокуророо улс төрчид хүссэнээрээ солих боломжтой болчихлоо. Энэ тийм ч сайн зүйл биш. Хүнээ солихоосоо илүүтэй хүнээ хянадаг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Тиймээс манай байгууллагаас Ард түмний хяналтын газар байгуулах тухай, Иргэний хяналтын багц хууль, сонгоод хаягддаг бус сонгоод хянадаг ард түмэн болохыг уриалан ажиллаж байна.
– Сүүлчийн асуултыг танд үлдээе.
– Би маш товчхон ярилаа л даа. Ингэж ярих боломж ч олдохгүй юм дөө. Ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд эзэнтэй. Тэр эзэд нь нөгөөх гэмт бүлэглэлдээ хамаардаг. Ямар ч ажил хийсэн өөртөө ямар ашигтай болохыг хардаг болсон энэ цагт Монголчууддаа хандаж хэлэхэд эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүл өөртөө итгэлтэй амьдрахыг уриалмаар байна. Эрх мэдлийн төлөөх тэмцэл, эх орон ард түмнийхээ төлөө хийж байгаа тэмцлүүдийг ялгаж салгаж сурмаар байна л даа. Тэгэхгүй болохоор 4, 4 жилийн хугацаатай хууртсаар байгаад хэнд ч итгэдэггүй, өөртөө ч итгэдэггүй ард түмэн бол хувирлаа шүү дээ. Цаг хугацаа бүхний шалгуур юм даа.
– За таньд баярлалаа.
Б.Ирээдүй