Ардын дууны уянгат аялгуу нь хэн бүхний сэтгэлд хүрч, хүний дотоод амар амгаланг нээх увидастай байдаг. Тэр ч утгаараа Монгол ардын дуу гайхамшигт нэгдлийн урлал гэлтэй.
Саяхан “Донж төгөлдөр” хэмээн тоглолтоо нэрийдэж, төгс төгөлдөр аялгууг ард түмэндээ хүргэсэн МУСТА С.Нэргүй яахын аргагүй ардын дууг урладаг дуучин аж.
Цоглог хоолойн өнгө, нарийн мэдрэмжтэй нугалаа гээд уран бүтээлч хүний төгс чадваруудыг бүрдүүлсэн дуучин маань ийнхүү найм дахь удаагын тоглолтоо түмэндээ хүргэсэн юм.
Танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилт, дуулсан дуу бүрийг нь даган дуулах тэдгээр дуунд дуртай үзэгч түмний халуун сэтгэлээс эрхэм дуучны ямар чансаатай уран бүтээлч болох нь харагдаж байсан юм.
“Донж төгөлдөр” тоглолт олон гэнтийн бэлгээр дүүрэн байсны нэг нь Богд хаант МУ-ын Төрийн дуулал хэмээн өргөмжлөгдөж байсан хүндтэй уран бүтээл болох “Зуун лангийн жороо луус” хэмээх уран бүтээлийг 21 дарь эхийн хамт тайзнаа амилуулсан явдал байлаа.
Тоглолтын хойморт МУГЖ Ц.Үенч, МУГЖ С.Ганзориг, МУСТА А.Түмэн-Өлзий нар хүрэлцэн ирж ая дууны цэнхэр хадгаа өргөн барисан бол МУУГЗ Б.Ганбаатар, Болор цомын хошой эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо нар хамтран хөтөлж тоглолыг улам төгс төгөлдөр болгосон юм.
Түүний тоглолтыг үзсэн үзэгчид “Сүүлийн үед амьд хөгжимтэй ардын дууны чанартай тоглолт үзсэнгүй” хэмээн сэтгэл хангалуун байсан юм.
Харин эрхэм дуучин маань “ДОНЖ ТӨГӨЛДӨР”-уран бүтээлийн тоглолтоо хөдөө орон нутагт тоглохоор бэлтгэл ажилаа хэдийнээ базаагаад эхэлжээ.