Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна

2019 оны 03-р сарын 25 өдөр, 15 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67b821c591fd5e939ace7d5d12a3b291

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны засаглалыг сайжруулах чиглэлээр хурал зохион байгуулсан. Тус хурлаас усны бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах хүсэлтээ Ерөнхий сайд танд хүргүүлж байна гэж “Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Басандорж хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүсэлтийг хүлээж аваад,

Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хуралд оролцохдоо усны асуудал эрхэлсэн бие даасан агентлаг байгуулж ажиллуулах ёстой гэсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн саналыг Ерөнхий сайдын хувьд би бүрэн дэмждэгээ илэрхийлсэн. Агентлаг байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ асуудлыг шуурхайлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад дахин үүрэг болгоно гэж хэллээ.

Монгол Улсын Засгийн газар усны бодлогын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна.

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил өнгөрөгч сард эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилын сантай Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийг сайжруулах зорилт бүхий 350,0 сая ам.долларын гэрээ байгуулсан.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэр нэмэгдэхийн зэрэгцээ, саарал усыг дахин ашиглах нөхцөл бүрдэнэ. Саарал усны үйлдвэр ашиглалтад орно. Эдгээр нь цэвэр усны нөөцөө хамгаалахад чухал ач холбогдолтой төслүүд юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх