Казах түмний уламжлалт “Наурыз” баярт зориулсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат улсын заан Т.Авдигажы агсны нэрэмжит үндэсний бөхийн барилдаан О.Бахытын нэрэмжит спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.
Уг барилдаанд аймгийн заан М.Аманбек, С.Бат-Үүл, аймгийн харцага Д.Бейбит, аймгийн нэмэх начин Ш.Сапар, аймгийн начин М.Өзгерис, М.Жанарбек, Х.Олжас, Б.Сундуй тэргүүтэй нийт 32 бөх барилдсанаас Ногооннуур сумын харьяат аймгийн цогт чимэгтэй харцага Дөрветханы Бейбит түрүүлж, Цэнгэл сумын харьяат аймгийн начин Хуантайн Олжас үзүүрлэлээ.
Их шөвөгт Цэнгэл сумын харьяат Зост лагерийн бөх аймгийн заан Мусатын Аманбек, Алтай сумын харьяат аймгийн ШШГЕГ бөх аймгийн заан Сайнбилэгийн Бат-Үүл нар шалгарлаа.
Шагналыг аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч, аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн Ш.Хабыл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Тилеген, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан нар гардуулж баяр хүргэлээ.