УИХ-ын дарга Г.Занданшатар Казах түмэнд мэндчилгээ дэвшүүлэв

2019 оны 03-р сарын 22 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zandanshatar

НАУРЫЗ БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан азай буурал Аксакалууд аа,

    Уудам дэлгэр эх орондоо болон дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч буй нийт казах иргэд ээ,

     Ертөнц дэлхий өвлийн нойроос сэрж, үржил шимийн улирал эхэлж, өдөр шөнө тэнцдэг тэгш сайн өдрийг бэлгэдэн тэмдэглэдэг, эх дэлхийг гийгүүлэн тэтгэгч Нарны баяр – Наурызыг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

    Ассалам алейкум.

    Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог казах үндэстний түүх, соёлын өвөрмөц тусгал болсон хүндэтгэлт баяр Наурызыг тохиолдуулан Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилж байгаадаа баяртай байна. 

    ЮНЕСКО 2009 онд наурызыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 оны Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэ нь Наурыз бол нийт хүн төрөлхтний баяр гэдгийг зарлан тунхагласан хэрэг юм. 

    Дэлхийн 40 гаруй орны 400 гаруй сая хүн ёслон тэмдэглэдэг энэхүү баярын өдөр казах түмэн маань айл хотол, ахан дүүсээрээ амар мэндээ мэдэлцэж, аксакал буурлуудынхаа ерөөл сургаалыг сонсож, “Наурызын өдөр дайснаа хүртэл уучил”, “Мууг сайнаар дайл” гэсэн өвгөдийн сургаалыг ёсчлон биелүүлж, ёс төгөлдөр баясан цэнгэдэг, эв нөхөрлөл, ёс зүй, хүмүүжлийн чухал ач холбогдолтой, үндэсний соёлын нэгэн чухал зан үйл юм.

    Монгол Улсын төр, засаг ч энэ өдрийг казах түмний өв соёлыг хадгалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүндэтгэн эрхэмлэх, үйл бүтээлээ дүгнэн цэгнэх, хөгжил дэвшлийн ирээдүйг угтан тодорхойлох утгаар тэмдэглэсээр ирсэн билээ.

    Үндэсний соёл, түүх, ёс уламжлалаа эрхэм сайхнаар өвлөн хадгалж, хөдөлмөр тэмцэл, бүтээн байгуулалтын гайхамшигт түүхийг бүтээж, төрөлх нутгийнхаа төдийгүй улс орныхоо нэрийг дуурсгасан төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд казахчуудын дундаас олон арваар төрөн гарснаар бид ямагт бахархдаг.

    Манай казах иргэдийн дийлэнх олонх нь оршин амьдардаг Баян-Өлгий аймаг жилээс жилд хөгжин дэвжиж, аймаг орон нутгаа хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн зорилтоо амжилттай ханган биелүүлж, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх, улс орныхоо тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэхэд манай казах иргэд үнэтэй хувь нэмэр оруулсаар буйг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

    Цаашид ажилгүйдэл, ядуурлаас иргэдээ хамгаалах, баялаг бүтээгчдийг хөхиүлэн дэмжих, газрын баялаг, хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр олноор бий болгох, түлш эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг зорилтыг төр, засгийн бодлого, нутгийн удирдлага, иргэдийн санаачилгатай хослуулан, үр дүнтэй хэрэгжүүлэх нь нэн чухал байна.

    Түүнчлэн иргэнээ дээдэлсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх, бүх шатанд сахилга хариуцлагыг сайжруулах, зөвхөн хууль засагладаг шударга ёс тогтоох төрийн бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, эрдэм ухаан, эрүүл энхийг эрхэмлэн, иргэдийнхээ сэтгэл тайван, итгэл дүүрэн амьдралын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө эвийг сахиж, хүчийг нэгтгэн ажиллах зайлшгүй шаардлага байгааг баярын энэ өдөр онцгойлон тэмдэглэж хэлье.             

    Казах үндэсний хэл соёл, зан заншил, үүх түүхийг дархлан хамгаалах, эх хэлээрээ сурах, харилцах, мэдээлэл авах, үндэсний шашнаа шүтэх, ялгаварлан тусгаарлагдахгүй байх эрхийг хангах талаарх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох асуудал хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн бөгөөд энэ уламжлалт бодлого цаашид ч тууштай үргэлжлэх болно.

    Эрхэм хүндэт казах иргэд ээ,

    Перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай. Наурызыг бас “Нарны баяр” гэдэг. Тиймээс шинэ өдөр бүхэн алтан нар ивээлт сацрагаараа Та бүхнийг ивээж, шинэ амжилт, шинэ жаргал, шинэ золбоо хийморийг авчирч байх болтугай.

     Уламжлалт баяраа ам дүүрэн ерөөл билигтэй, дастархан дүүрэн идээ будаатай, домбор хөгжмөө эгшиглүүлэн, кара жоргагаа бүжиж, айтыс дууны аялгуутай сайхан тэмдэглээрэй.

        Наурыз мейрамы хутты болсын.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

Улаанбаатар хот.         2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх