Өмнөговь аймгийн хэмжээнд “Нэг хором” аян өрнөж байна.
Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой “Нэг хором” аяны сургалт, мэдээллийг ахлах ангийн хүүхдүүдэд цагдаагийн алба хаагчид хүргэж байна.
Энэ сарын 1-нээс эхэлсэн уг аян ирэх сарын 3 хүртэл үргэлжлэх юм.
Өнгөрсөн 2018 онд тус аймагт 429 гэмт хэрэг шалгагдсан байна. Үүний 42,4 хувь нь буюу 182 гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байжээ. Мөн тухайн гэмт хэргийн 35 хувь нь 22 цагаас өглөөний 06 цагийн хооронд гарсан судалгаа байгаа аж.
Энэ төрлийн гэмт хэрэгт 25-29 насны залуус өртөж байгаа ид хийж бүтээх насных байгааг мөн онцолж байгаа юм. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гарсан нийт гэмт хэргийн 41 хувь согтуугаар, 25 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл байна. Мөн тус гэмт хэргийг сумдаар нь авч үзвэл, Даланзадгадад 50, Гурвантэс суманд 20, Ханбогдод 38, Цогтцэций суманд 30 гэмт хэрэг гарчээ.