Төсвийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв

2019 оны 03-р сарын 20 өдөр, 15 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baingiin

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит бус чуулганы Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.19) хуралдаан 14 цаг 52 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

    Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

    Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоолоор зургаан төслийг хэрэгжүүлэхээр тогтсон гэв. Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт заасан гэрээг байгуулах хүчинтэй хугацааг нэг жилээр сунгах шаардлагатай байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцлов. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, З.Нарантуяа нар асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь  дэмжив. Иймд Төсвийн байнгын хороо энэ талаарх  санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

    Засгийн газраас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, ниймгийн салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон. Уг асуудлын хүрээнд АХБ-аас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс Энгийн эх үүсвэрээс 252.0 сая ам.долларын, АХБ-ны  Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 зээлийн санхүүжилтийг олгохоор төсөлд тусгагдсан гэв. 

    Мөн Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж,  хөдөө аж ахуй, хүнс, ногоо тариалах, усалгаатай тариалалтыг дэмжих зэрэг таван чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн зээлийн санхүүжилтийг цаг хугацаанд нь  авах, зээлийн хэлэлцээрүүдийг хугацаа алдалгүй АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр батлуулах шаардлагатай байгаа тул төслүүдийн зээлийн асуудлыг Улсын Их Хурал, Байнгын хороодтой нэгтгэсэн байдлаар зөвшилцөж, соёрхон батлуулах зорилгоор Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг боловсруулсан гэж байлаа.

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, З.Нарантуяа, Н.Амарзаяа нарын зүгээс Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг хаана, ямар эх үүсвэрийг бодлогоор дэмжих гэж байгааг илүүтэй тодруулсан юм. Түүнчлэн гишүүдийн зүгээс бүс нутгийн онцлог, хэрэгцээ шаардлагыг харгалзах, баруун бүсэд усалгаатай газар тариалан эрхэлж байсан туршлагыг харгалзан үзэж, усжуулалтай газар тариалан, ногооны аж ахуйг шинээр барихаас илүүтэй өнгөрсөн нийгмийн үед эрхэлж байсан үйл ажиллагаанд тулгуурлаж сэргээн хөгжүүлэх бодлого барьж ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байв.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцсөний дараа аймаг, сумдад хэрэгжүүлэх асуудлыг тодорхой ярина гэдгийг хариултдаа онцолсон. Ингээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

    Дараа нь Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

    Засгийн газраас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүнээр 2000 онд элсэж, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болсон. Өнгөрсөн хугацаан тус банкнаас Монгол Улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг нийт 99 төслийг хэрэгжүүлэхэд олгосон байна. ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах стратегийг баталсан. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй, түргэн шуурхай батлуулах боломж бүрдсэн гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдав.

 Зээлийн хэмжээ нь 300 сая ам.доллар, эргэн төлөгдөх хугацаа 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил аж.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн зээлийг зарцуулах төслийн талаар тодруулахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  хариултдаа, Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн авто замыг дөрвөн урсгалтай болох төсөлд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн 120 сая ам.долларын санхүүжилтийг зарцуулахаар болсныг онцлохын зэрэгцээ бусад төсөл арга хэмжээг тусгайлан ярилцаж шийднэ гэж байлаа. Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон. 

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Хуралдаан Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын гурван гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

    Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их хурлын гишүүн Д.Оюунхорол хийсний дараа Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, О.Батнасан, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, тодрууллаа. Гишүүдийн зүгээс  хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авахдаа хамгийн бага үнийг сайн гэж үнэлж тендер шалгаруулах, түүнчлэн тендерт шалгарч чадаагүй аж ахуйн нэгжүүд үндэслэлгүй гомдол гаргаснаас бүтээн байгуулалтын ажил саатах, хугацаа алдах, хохирол хүлээдэг асуудалд хариуцлага тооцсон заалт тусгасан эсэхийг илүүтэй лавласан. 

    Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол хариултдаа, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулахад хоёр шалгуурыг тавьсан. Тендер зарласан аж ахуйн нэгжүүдээс эхний шалгуурт техникийн үзүүлэлт, чанар, стандартын шаардлага хангасан байдлыг харгалзана. Энэ шалгуурыг давсан аж ахуйн нэгжүүдээс тендертээ мэдэгдсэн хамгийн бага үнийг нь үнэлж, сонгоно гэсэн заалт оруулсан. Олон улсын жишиг ч хамгийн бага үнэ гэсэн шалгуур тавьдаг гэдгийг онцлов.

    Хуулийн төсөлд тендерт оролцсон бүх компанийн материалыг ил болгохоор заасан. Өмнө нь бүх зүйл нууц байсан. Тендерийн материалыг ил тод болгосноор  шалгарсан компани болон шалгарч чадаагүй аж ахуйн нэгжүүд давуу болон сул талаа мэдэх, нээлттэй байдал үүсэх тул үндэслэлгүйгээр гомдол гаргаж, ажил унагаадаг, цаг алддаг байдлыг арилна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмж тайлбарлаж байлаа. 

    Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 17 саналаар хураалт явуулсан. Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлд 55.9 дэх буюу “Тендерт оролцогчийн гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээг 20 сая төгрөгөөс хэтрэхгүй. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцааж олгоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив. 


    Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 3 дугаар зүйлийн 12 дахь заалт буюу 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсгийг төрийн бус байгууллагуудад давуу байдал олгох, бизнесийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон асуудал тул дэмжих шаардлагагүй гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд “Энэ хуулийн 47.4-т заасан үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг томилох, ажиллах журмыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилохдоо нийслэлд Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын, аймаг түүний салбар зөвлөлийн саналыг үндэслэл болгоно” гэсэн Ажлын хэсгийн санал дэмжигдсэнгүй. 

    Гишүүдийн зүгээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын гаргаагүй тул анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Дараа нь Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүнээс  2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Сангийн яам болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.

    Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хийсний дараа Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 65 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлд 7.2, 7.3 дахь  буюу Монгол Улсын татварын 29 төрлийг  нарийвчлан заасан хэсэг, түүнчлэн 8 дугаар зүйл буюу татварын хувь, хэмжээг тодорхой тогтоосон хэсэг, татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмжийг агуулсан 80 дугаар зүйл нэмэхийг гишүүдийн олонх тус тус дэмжсэн. 

    Мөн төслийн 18 дугаар зүйлд 18.5 дахь хэсэг буюу “Энэ хуулийн 18.3-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж, төслийн 66 дугаар зүйлд “Авлага битүүмжилсэн хугацаанд өртэй татвар төлөгч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болохыг хориглоно” гэж, төслийн 70 дугаар зүйлд “70.3.Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан бол эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд энэ хуулийн 65 дугаар зүйлд зааснаас бусад тухайн татвар төлөгчийн битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх ажиллагааг эхлүүлэхгүй” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

    Харин Ажлын хэсгээс төслийн 81 дүгээр зүйлд “Татварын  хууль тогтоомжийн хэрэгжилтэд өмнө нь гарч байгаагүй нууцлагдмал татварын схем ашиглаж татвараас зайлсхийсэн, зугтсан гэмт хэрэг, зөрчил илрүүлснийг татвар төлөгч хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаан таслах зөвлөл, шүүхийн эцсийн шийдвэр гарч төсөвт орлого оруулсан татварын алба, татварын улсын байцаагчид санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр мөнгөн урамшуулал олгож болно” гэсэн хэсэг нэмэх саналыг татаж авав. Гишүүдийн зүгээс урамшуулал олгох санхүүгийн эх үүсвэр тодорхой бус гэж байлаа. 

    Түүнчлэн төслийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийн “2019 оны 01 дүгээр сары 01 гэснийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж төслийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтыг “татвар төлөгчийн эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, ач зээ, хамтран амьдрагч эхнэр нөхөр болон, хамтран амьдрагчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү” гэж өөрчлөн найруулах саналыг гишүүдийн олонх тус тус дэмжив.

    Дараа нь Татварын  ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг есөн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйл “2019 оны … дугаар сарын …. ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга)-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэсний 5 дугаар зүйлийг хасч, өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төсөлд “Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж шинээр 11 дүгээр зүйл нэмэх Ажлын хэсгийн санал дэмжигдэв.

     Мөн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд заасан 11.19 дүгээр зүйлд “8.3 энэ хуулийг 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авлаа. Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Тэмүүлэн, Д.Оюунхорол, Х.Болорчулуун нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан.

    Тухайлбал, төслийн 15 дугаар зүйлд “15.1.11Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас санд төвлөрүүлсэн хөрөнгө” гэж, төслийн 21 дүгээр зүйлд “21.1.10. ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого, 21.1.11.Холбооны гишүүдээс цуглуулсан Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан үйлчилгээний хөлсний орлого болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6.1.7-д заасан санд төвлөрүүлсэн хөрөнгө” гэсэн хэсэг заалт тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

    Түүнчлэн хуулийн төсөлд “20.2.7 Энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4,18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1-22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар” гэсэн заалт шинээр нэмэх, үүнтэй уялдуулан “22.1.Жилийн эцсийн татварын тайлангаар энэ хуулийн 18.2, 18.3, 18.4,18.5-д заасан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар тайлагнасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж, “22.2.Энэ хуулийн 22.1-д заасан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, мөн хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 хоногийн дотор олгоно” гэж тус тус өөрчлөн найруулахыг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

    Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв


    Дараа нь Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул   Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. 

 Тухайлбал, хуулийн төслийн 15 дугаар зүйлд “15.9.Малчин өрх, мал бүхий этгээдийн малын ашиг шимээс олдог албан татвар, ногдох орлогод эзлэх энэ хуулийн 15.1.2-т заасан хасагдах жишиг зардлын хувь хэмжээг бүтээгдэхүүний төрөл, онцлогийг харгалзан Засгийн газар батална” гэж, төслийн 23 дугаар зүйлд “Нийслэл (Улаанбаатар) хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 25 хувиар 1000 км- ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар хөнгөлнө” гэж, төслийн 26 дугаар зүйлд “Албан татвар төлөгч нь Монгол Улсад байрладаг аж ахуйн нэгжид ажиллаж, Монгол Улсад байрладаггүй этгээдээс авсан энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасан орлогод ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор холбогдох төсөвт төлж, тухайн татварын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус нэмэх Ажлын хэсгийн саналыг дэмжлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт хуулийн төслийн “8 дугаар зүйлийн 8.3-т малчин өрх, мал бүхий этгээдийн малын ашиг шимээс олдог орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулах гэснийг хасах” зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувиар дэмжсэн тул Ажлын хэсгээс төслийн 15.1.1, 15.1.2 дахь заалттай саналаа татаж авсан.

    Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх