Даатгалын зах зээлд аудитын үйл ажиллагаа хийх эрхийг Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн байдлаар 43 компанидолгоод байна.
Хуулиар даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх эрхийг “Аудитын тухай” хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй компанид Хороо нэмж олгохоор зохицуулсан байдаг. Үүний дагуу Хороо 2010 оны 149-р тогтоолоор “Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг батлан мөрдүүлж буй бөгөөд үүгээр эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон аудитийн байгууллагыг томилох, даатгалын байгууллагад аудит хийхэд тавигдах нэмэлт шаардлага, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг харилцааг нарийвчлан журамласан.
Мөн дээрх эрхийг хүссэн компани даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан хоёроос доошгүй аудитортой байх ёстой бөгөөд төрөлжсөн сургалтыг Хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтарсан Комисс зохион байгуулж, шалгалтад тэнцсэн аудиторт эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаатай олгоно.