Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрлөө.
УИХ-аас 2010 онд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү 1072 ширхэгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд Засгийн газар 2012 онд уг хувьцааны хоёр дахь зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцлийг тогтоож өгсөн юм.
Дээрх хугацаанд хувьцааг “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Компанийн тухай” хуулиуд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд нийцүүлэн “амилуулж”, эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар Хороо, “Эрдэнэс-Тавантолгой” компани болон бусад холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, боломжит хувилбаруудыг эрэлхийлсний үр дүнд ийнхүү хаалттай хувьцаат компаниар бүртгэж байна.
Хувьцаат компани болон үнэт цаасыг бүртгэсэнтэй холбогдуулан Хороо хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас мөрдүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, шаардлага шалгуур болон өгөгдсөн үүрэг даалгаврыг хангаж ажиллахыг мэдэгдлээ.
1072 ш хувьцааг хэзээ ч худалдаж болохгүй. Зөвхөн үр хүүхэддээ өвлүүлж болно гэдэг утгаар хуульчилж өгөх хэрэгтэй. Эс бөгөөс Монголын баялаг гадныхны гарт орно. Монголчууд амаа барих цаг ирнэ.