Монгол цэргийн өдөрт: Хиагтыг чөлөөлөх тухай

2019 оны 03-р сарын 18 өдөр, 16 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
650

МАЗУГ-ын ЭША П.Чүлтэмсүрэн

        Хиагтыг чөлөөлөх тухай 1921 оны 3 дугаар сарын 7-нд  Монгол Ардын Намын Төв Хороо, Ардын түр засгийн газар, Цэргийн штабын гишүүд, Зөвлөлт Орос улсын төлөөлөгчдийн хамтаар нууцаар хуралдсан хурлын протокол монгол, орос хувиар Үндэсний төв архивын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.

        Уг хамтарсан хурлаар зэр зэвсэг сайтай олон тооны цэрэг бүхий хотыг эзлэн авахад ихээхэн хүндрэлтэй тул хятад цэргийн эрх баригчидтай хэлэлцэх аргыг хэрэглэхээр шийдэж, уг хэргийг Троицкосавск дахь ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенэкаар зуучлуулах, хэрэв энэ арга зам бүтэмжгүй болсон нөхцөлд хотыг довтлон авах байлдааны ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу Хиагтыг эзлэн авах байлдааны төлөвлөгөөг боловсруулахын хамт журамт цэргүүдийг Алтангаас Ханын хөндий, Номт, Баян уул зэрэг газар шилжүүлэн байрлуулсан байна.

        Хиагтыг дайлах бэлтгэл хангагдсан гэж үзсэний дараа тус хот дахь хятад цэргийн эрх баригчдад тулган шаардах бичгийгТроицкосавск дахь ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенэкаар дамжуулан өгчээ. Гэвч хятадууд шаардлагыг үл зөвшөөрсөн тул Монгол ардын журамт цэрэг болон Зөвлөлт Орос улсын цэргийн хамтын хүчээр Хиагтыг 1921 оны 3 дугаар сарын 18 ны өдөр гамин цэргийг хөөж, харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх үйл явц эхэлсэн байдаг. Мөн энэ өдрийг Монгол цэргийн өдөр буюу Монгол Улсын зэвсэгт хүчин үүсэн өдөр хэмээн Бид бүхэн өдийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

       Их үйл явцын эхлэл болсон нууц хурлын материалыг монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна.

       МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН 98 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!!!

        Монголын хувьсгалт намын төв хорооны ба мөн намын цэргийн штабын гишүүдийн хийгээд Зөвлөлт Орос улсаас томилогдсон төлөөлөгч, коминтерны алс дорнод зүгийн бичиг хэргийн ангийн албан хаагчдын хамтаар 1921 оны 3 сарын 7 өдрөө нууцаар хуралдсан хурлын тогтоол.

        Хурлын тэргүүлэгч, нөхөр Макстенэк

        Нарийн бичгийн дарга, гишүүд

        Төв хорооны тэргүүлэгч, нөхөр Данзан

        Эл хорооны гишүүд

        Дамбадорж, Лосол

        Сэдвийн гишүүд

        Сумьяа бэйс

        Билигсайхан

        РСФСР улсаас томилогдсон төлөөлөгч нөхөр Макстенэк

        Коминтерны алс дорнод зүгийн бичиг хэргийн ангийн албан хаагчид, Бегзеел, /Цэвээн Жамсранов/ Гочинский, Ванчиков.

        Хуралд хэлэлцэхээр дэвшүүлсэн зүйлүүд нь

  1. Тулж ирсэн цагийн байдлаар удаа дараа гүйцэтгэх зорилтууд
  2. Маймай хотыг цэргийн хүчээр довтлон авах тухай
  3. Өдөр тутмын хэргүүд

1 дүгээр зүйлд заасан тухай,

       Нөхөр Данзангаас илтгэснийг тодорхойлвоос  цэргийн хэсгийг үүсгэсний эхэнд зэр зэвсгийг хүлээн авч үл чадсанаар хуралдуулсан цэргүүдийг чөлөөлсөн удаа гаржээ. Энэ хэрээр зэвсгийг хүлээн авсан болох тул бид нар болбол хэсэг цэргийг байгуулж, зэвсэгтэй болгож чадмой. Үүнийг элдэв зүйлийн байдлаар өргөнөөр байгуулж үл болмой. Хувьсгалт ардын намын нэр сүрийг ихэдгэхийн тулд Маймай хотыг довтлон авах нь зайлшгүй болох авч эл хотноо зэр зэвсгээр сайн болох хятад цэрэг 1800 орчим тоо бүхий хүн буй учир энэхүү хотыг довтлон авах явдал нь нэлээд бэрхтэй болмой. Төв хорооны өнгөрсөн өдрийн хурлын тогтоолын ёсоор манай нам ба хятадын эрх баригчдын хооронд зуучлах явдлыг нөхөр Макстенэкаас авбаас зохих болов уу хэмээн хүсэх баймой. Хятадууд лугаа тэмцэх явдалд Зөвлөлт орос улс ба алс дорнод улсаас манай намын туг далбаанд зогсон хүчийг хамтруулж оролцох нь зайлшгүй болов уу хэмээн санагдмуй хэмээжээ.
       Нөхөр Макстенэкаас хятадын эрх   баригчдаас монголын хувьсгалт намын ба хятадын эрх баригчдын хооронд жуулчлахыг эрж гуйсан зүйлд Эрхүү хотноо цахилгаанаар шууд харилцан уламжлагдсан болох бөгөөд үүнд одоо хүртэл хариу заавар хүлээгдсэнгүй. Жич: Нэмэх зүйл юун хэмээвээс Монголын хувьсгалт намд тус хүргэхийн хараагаар ил үл гаргах арга замуудыг хэрэглэж болмой.
      Эйхе хэмээх жанжин болбол эдүгээ Монголын хувьсгалт намд зохих зэвсгийг ба пулёмат буунуудын хамтаар тавин олгохоор зохих газраас тушаалыг хүлээсэн боловч тохирох нутгууд бүр зэвсгийн ирэхийг харгалзаж эл тушаалыг гүйцэтгэх болмой.
      Нөхөр Макстенэкаас дурдсаныг нь хятадын эрх баригчид лугаа ямар ч харилцаа үл үүсвэрлэх ба чанга эрсээр шийдвэрийг таслан илэрхийлэхийг ирэхээр бичгийг үл явуулваас зохих болов уу. Учир юун хэмээвээс хятадын эрх баригчид нь эл зүйлүүдэд гагцхүү үл нийлэлцэхээр хариуцахаас өөр зүйл үл гармой. Энэ хэр эрх биш өөрийн хүчийг ихэдгэсээр дариухан чармайн оролт явуулгад хандан орж дав дув хувьсгалт намын эмх журам бүхий хүнийг мэдрүүлэх аргыг тавьж хэсэг хэсгээр явах хятад цэргүүдэд довтлон орж зэвсгийг булаан авч байваас зохих болов уу хэмээжээ.
       Нөхөр Бегзеежав /Цэвээн Жамсранов/-ын асуудал энэ явдалд холбогдолгүй бусад улсаас зуучлах явдлыг үүсгэж болохоор үзэж үл болов уу хэмээжээ.
       Нөхөр Макстенэкаас хятадын эрх баригчид нь Унгернтай тэмцэхийн тулд хувьсгалт нам лугаа хамтрах төлвийг барьж болох хэмээжээ. Хуралдагчдаас санал онолуудыг илрүүлсээр хянацгааж хурлаас тогтоосныг тодорхойлбоос
  1. Хятадын эрх баригчдад зэвсгийг дураар хураан, хууль журмын ёсоор хувьсгалт ардын намын эрх баригчдад хүргүүлэхийн тухай эрс чангаар шийдвэрийг эрж бичиг явуулах явдлыг энэ удаа Эрхүү хотоос заавар хүлээгдэх ба үүнд холбогдол бүхий бусад зүйлүүдийн илрэх ирэх хүртэл үл хэлэлцэн түтгэлзэхийн хамтаар эрх биш аль болох аргаар өөрийн хүч чадлыг ихэтгэх ба идэвхийлэн явуулах зүйлд даруйхнаа хандан орж, хувьсгалт ардын намын эмх журам бүхий хүчийг мэдрүүлэхийн хараагаар хятадын хэсэг хэсгээр явах цэргүүдэд довтлон орж зэвсгийг булаан авах явдлыг үүсвэрлэх
  2. Энэ нутгийн эрх байдлаар зайлшгүй хэрэглэгдэх учраа  үхэр буу хоёрыг яаравчлан олгох явдалд хамаг буй аргыг хэрэглэх
  3. Эл Маймай хот хэмээхэд одоо цэргийн хүчээр довтлон ороход хүч хамтарч байлдааныг үүсвэрлэхийн тулд монгол цэрэгт Зөвлөлт Орос улсын цэргийг нийлүүлэх, жич: Зөвлөлт Орос улсын хил залгаа нутгуудын дотор гарч болох байлдааны явдалд тухайлан удирдах тушаалыг гаргахын тулд цэргийн удирдлага тушаал бүхий этгээдээс аливаа эрхтэй бөгөөд хариуцлага бүхий төлөөлөгчийг дариухнаа ирүүлэхээр  зохих газраа мэдүүлэх
  4. Монголын нутгийн байдлыг мэдэх ба байлдааныг үүсвэрлэхэд бэлтгэл бүхий  хийгээд монгол цэргийн хувцас хунар бүхий болохыг харгалзаж Иванов хэмээхийн хэсэг цэргийг монголын хувьсгалт намын цэрэгт багтаан оруулах явдалд аль болох аргыг хэрэглэх.
Өдөр тутмын хэргүүдийн тухай.
       Сумьяа бэйсээс монголын хувьсгалт намын чадвар үнэнд итгэж өөрт хадгалагдан бүхий эрх цолыг сайн дураар устгамой. Монголын олонд ба орон хязгаарт эрх чөлөөг олгох явдалд хүчийг үнэлэн оролцмой хэмээгээд монгол цэргүүдийн чанга зориг сэтгэлд итгэх ба Маймай хотод довтлон орохоор завдан буйг мэдэж хятадуудаас хэдий хүчийг нэмэгдүүлэн олгох боловч ер хувьд айхгүй хэмээн мэдүүлжээ.

       Нөхөр Макстенэкаас нэгэнтээ Зөвлөлт Орос улсаас томилогдсон төлөөлөгч болох тул Монголын хувьсгалт нам ба сэдвээс бат баримтыг хүлээхийг хүсэх нь.

  1. Эдгээр газрууд нь Монгол ард олныг Унгерн ба цагааны этгээдийн хэсэг цэргүүдээс ангижруулах явдалд аль болох аргыг хэрэглэх ба монголчууд нь бидний хоёр этгээдийн дайсанд урваж үл ормой хэмээхийн тухай ба
  2. Намын гишүүд ба коментерны албан хаагчдаас харьяат газрууд ба цэргийн ангиудаар уламжлуулах, намын үзэл суртал лугаа Монгол ард олныг өргөнөөр танилцуулах ба тагнан сурвалжлах явдлыг хөгжүүлэх хийгээд мөн түүнчлэн Монгол ард олныг Зөвлөлт Орос улсын бодлогод хандуулах, нам лугаа нэгтгэх явдлыг дааж гүйцэтгүүлмүй хэмээн батлахыг хүсмой хэмээжээ.

Хурлын тэргүүлэгч

Нарийн бичгийн дарга

Хурлын гишүүд[1]  хэмээн тэмдэглэсэн энэхүү хурлын протокол нь тухайн цаг үеийн талаарх чухал мэдээллийг агуулсан судалгаа шинжилгээний үнэтэй эх сурвалж болох юм.

Архивын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх