Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тэргүүтэй Монголын парламентчид Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Улсын Их Хурлын даргын Швейцарийн Холбооны Улсад хийсэн албан айлчлалын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
2019 оны 03 дугаар сарын 12. Берн хот. Мягмар гараг.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов
УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны хууль тогтоох байгууллагын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, манай төлөөлөгчид Швейцарийн парламентын хуралдааны дэгийн туршлагатай танилцахаас гадна УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Ханс Штөкли болон Гадаад хэрэг, Сангийн яамны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалын эхний өдрөө Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти хэлсэн үгэндээ дипломат харилцааны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар анхны гадаад айлчлалаа Швейцарийн Холбооны Улсаас эхэлж буйд баяртай байна гэв.
2019 оны 03 дугаар сарын 13. Лхагва гараг.
УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх санал дэвшүүллээ
Швейцарийн Холбооны Улсад айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тус улсын Үндэсний зөвлөл (парламентын Доод танхим)-ийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр орон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойр байр суурьтай байдгийг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын санаачилсан “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний VI бага хурал ирэх 6-р сард Улаанбаатарт болох гэж буйг мэдээллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалаар хоёр тал тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрлээ
Швейцарийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел, Төрийн зөвлөлийн (парламентын Дээд танхим) Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди нар бараалхлаа.
Энэ өдөр Швейцарийн Холбооны Улсын парламентын удирдах албан тушаалтан, ажилтнууд тус улсын сонгуулийн зарчим, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүтэц, үйл ажиллагааны онцлог, парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг арга барил, хуралдааны дэг зэрэг асуудлаар Улсын Их Хурлын дарга тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдөд танилцуулга хийж, сонирхсон асуултад нь хариулав.
Ийнхүү тодорхой асуудлуудаар хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрч чадсан нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын айлчлалын нэг чухал үр дүн боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.