“The Bon Esthetic” салоныг үүсгэн байгуулагч, гоо засалч Номундарьтай ярилцлаа. Тэрбээр БНСУ-д гоо сайхны мэргэжлээр бакалаврын төвшинд суралцан төгсөөд, гоо сайханчаар ажилллаж байсан. Одоо Монголдоо энэхүү гоо сайхны салон нээн ажиллуулж байна. Мөн “СИТИ” дээд сургуульд гоо сайхны багшаар ажилладаг. Тэр бол лифинг массаж сурсан анхны монгол хүн юм.
-БНСУ-д ажиллаж байсан туршлага дээр үндэслэж эх орондоо гоо сайхны салон байгуулжээ. Энэ чиглэлээр ажилласан туршлагаасаа хуваалцана уу?
-Би БНСУ-д гоо сайхны мэргэжил эзэмшсэн. БНСУ гоо сайхны чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Тиймээс эзэмшсэн мэргэжлээ улам бататгах гэж тэндээ хэсэг хугацаанд ажилласан. Тухайн үед гоо сайхны чиглэлээр суралцаж буй оюутан, ажиллаж байгаа гоо сайханчдын оролцдог тэмцээнд хоёр удаа оролцож алт, мөнгөн медаль хүртэж байсан. Энэ нь гоо сайхны чиглэлээр БНСУ-даа зохион байгуулдаг томоохон тэмцээн. Тэмцээн арьс, бүтэн биеийн массаж, нурууны массаж гэх мэт хэсэгчилсэн төрлүүдтэйгээр явагддаг. Би энэ тэмцээнд нурууны хэсэгчилсэн массажны төрөлд алт, нүүрний массаж төрлөөр мөнгөн медаль авч байсан. Солонгост хоёр гаруй хугацаанд ажиллаж байгаад Монголдоо ирээд өөрийн гэсэн салон ажиллуулж байна.
– Монголдоо ирээд гоо сайхны салоноо нээхээс өмнө юу хийж байсан вэ?
⁃Миний ажлын гараа багаас нь эхэлж байсан. Би нэг өрөө тохижуулаад захиалгаар гурван жил массаж хийсэн. Энэ хугацаанд намайг зорьж ирдэг үйлчлүүлэгчидтэй болсон. Гадны оронд сурсан зүйлээ хэрэгжүүлэх, гоо сайхны стандарт гэдэг зүйлийг ойлгуулах, улмаар түүнийг хэрхэн нутагшуулах вэ гэж хичээсэн. Монголдоо гоо сайхны стандартыг хэрэгжүүлэхэд оюутнуудаар дамжуулж энэ бүхнийг хийх нь зөв гэдгийг ойлгосон. Тэгээд багшлаад дөрвөн жил гаруй болж байна.
– Гоо сайханчдын мэргэжлийг бакалаврын төвшинд сурч байна. Гэтэл хэдхэн сарын курст яваад гоо сайханч хийж байгаа хүн олон бий. Харьцуулахад их л ялгаатай нь тодорхой. Мэргэжлийн төвшинд гоо сайхны үйлчилгээг ямар шаардлага, стандартын дагуу үзүүлэх ёстой байдаг юм вэ?
– Дөрвөн жилийн хугацаанд гоо сайхны хичээл судлахдаа давхар анагаахын шинжлэх ухааны анхан шатны мэдлэг, мэдэгдэхүүнтэй болж төгссөн. Булчингийн дагуу хэрхэн массаж хийх, зөв массаж хийснээр тухайн үйлчлүүлэгчид гарах эерэг нөлөө гэх мэт маш нарийн ойлголтуудад суралцдаг. Гоо сайхандаа эрүүл мэндээс дутуугүй анхаарал тавьдаг учраас ийм үйлчилгээ үзүүлж буй хүн заавал мэргэжлийн байхыг зөвлөдөг. Дөрвөн жил суралцсан гоо сайханчаас чанартай, найдвартай үйлчилгээг бүрэн авдаг. Хамгийн наад захын жишээ нь тухайн үйлчлүүлэгчийн хүссэн үйлчилгээнд юу тохирох, ямар үйлчилгээ нь илүү үр дүнтэй байхыг мэднэ. Түүнээс гадна сэтгэл ханамжийн баталгаа, харилцааны соёл, хандлагыг бүрэн мэдэрч чаддаг.
– Танай салоны үйл ажиллагаа ямар чиглэлд илүү анхаардаг вэ?
– Манайхан арьс арчилгаа тал дээр маш буруу ойлголттой явж байгааг анзаарсан. Гоо сайхны үйлчилгээд орохын зэрэгцээ арьс арчилгааны талаар мэдлэг өгөхийг хичээдэг. Манайх гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай. Энэ нь юу вэ гэхээр гоо сайхны үйлчилгээнд нүүрээс гадна нуруу, хүзүү, хэвлий, гарын массаж багтдаг. Эдгээр үйлчилгээ нэмэлт маягаар орж ирдэг. Яагаад гэвэл хүний булчингууд нэг нэгнээсээ хамааралтай. Нүүрээ илүү гоё болгохын тулд нуруу, хөл болон хэвлийд массаж хийдэг. Хэвлийн массаж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биеэс илүүдэл хорыг гадагшлуулдаг. Эдгээр цогц үйлчилгээ хийж байж арьс илүү эрүүл, цэвэр болно.
-Зөвхөн нүүрэндээ массаж хийлгээд гарахад үр дүн багатай гэсэн үг үү?
-Тиймээ. Зөвхөн нүүрэндээ массаж хийлгэснээр нүүрний арьс гоё болно гэж байхгүй. Яагаад гэвэл хүзүү, нурууны булчингаа заавал суллаж өгөх ёстой. Хүзүүний булчин нүүрний булчинтай холбоотой. Тэгэхээр зөвхөн нүүрэндээ массаж хийлгээд байх нь үр дүн багатай. Эмэгтэйчүүд нүүрний арьсанд анхаараад хүзүүгээ орхигдуулдаг. Гэтэл хүзүү, нүүрний тулгуур болж өгдөг учраас хөгших, хуян хөөрөх зэрэг шалтгаанаас үүдээд амархан хөгширдөг. Тиймээс нүүрний массажтай хамт хүзүүний зангирсан булчингуудад массаж хийж суллаж өгснөөр нүүрэнд очих үйлчилгээ илүү үр дүнтэй болно.
– Нэг массажинд орох хугацаа хэр удаан үргэлжлэх вэ?
– Нэг удаа массажинд ороход 90 минут болдог. Үүнээс 60 минут буюу нэг цаг нь нүүрэндээ зарцууллагддаг. Үлдсэн минут нь дагалдах үйлчилгээндээ орчихдог.
– Та бүхэн хэр олон хүнд хүрч үйлчилж чадаж байна вэ. Үйлчлүүлэгчдийн сэтгэл, ханамж ямар төвшинд байна?
– Манай салон байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд мэдээж өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон. Тэдний үйлчилгээндээ авсан сэтгэл, ханамж нь манайд дахин ирэх баталгаа болдог. Нэг үйлчилгээнд орох гэж ирээд цогц үйлчилгээ аваад гарсан үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж 100 хувь байгаа нь нүднээс нь харагддаг. Эргэж ирэхдээ гэрэлтсэн, итгэсэн харцаар орж ирж байгааг харах хамгийн сайхан мэдрэмж. Энэ мэдрэмжээс манай салоныхон урам авдаг.
– Дээр өгүүлснээр гоо сайхны салоны олон улсын стандарт гэж юуг хэлэх вэ?
– Манай салонд дандаа мэргэжлийн дипломтой хүмүүс ажилладаг. Олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний стандарт нэвтрүүлж, түүнийгээ мөрдөж явуулдгаараа онцлог. Гоо сайхны салоны стандартад олон зүйлийг хамааруулж болно. Тухайлбал, өрөөний хэмжээ, гэрэлтүүлэг, агаар солилцох байдал, гадуур хувцасны тусгай өөрөөтэй байх, өрөөний зохион байгуулалт зэргийг тусгаж өгсөн байдаг. Түүнээс гадны харилцааны соёл хамгийн чухал. Нэг жишээ дурдвал, үйлчлүүлэгтэй харилцах ярианы өнгө, үг сонголт, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн ямар байх талаар тогтсон стандарттай. Гоо сайханч алдаа гаргаж наад захын хөдөлгөөнийг буруу хийвэл үйлчлүүлэгчид таагүй бөгөөд үл итгэх сэтгэгдэл төрдөг. Тиймээс тухайн хүний хувийн зан байдал, төлөв нэлээд нөлөөлнө. Зөөлөн зан чанартай, эелдэг, мэргэжилдээ дуртай гэсэн зүйлд анхаарч ажилладаг.
– Манайдаа анх удаа гэж тооцогдохоор мэсийн төвшинд үзүүлэх залуужуулах Лифтинг массажхийжбайгааг сонслоо. Гайхалтай үр дүнг нь ч харлаа.
– Нүүрний массаж нь бодисын солилцоог сайжруулж, эд эсийг сэргээж, цусан хангамжийг сайжруулж өгдөг олон давуу талтай. Мэс ажилбаруудаас ялгаатай тал нь эрүүл, зөв аргаар залуужих, гоё сайхан болох арга юм. Мэс ажилбарыг үгүйсгэж, буруутгах нь өөрөө бас буруу ойлголт. Тэр нь тухайн хүний сонголт. Гэхдээ хүмүүс сонголтоо зөв хийх хэрэгтэй. Хамгийн сүүлд манай салон дээр нэвтрүүлсэн гоо сайхны массаж маань мэс ажилбартай дүйцэхүйц хэмжээний үр дүнтэй массаж. Энэ нь арьсыг өргөж чангалах, калогены нийлэгжилтийг ихэсгэх, эд эсийг сэргээж, эмчилгээний зориулалтай хийдэг массаж. Энэ нь мөн эрүүл мэндийн төвшиндт харвалт, саажилтын үед гарсан далий, муруйг засах үйлчилгээг үзүүлдэг. Европт нэлээд тархсан өндөр үр дүнтэй массаж. Еврэй гаралтай Орос хүн энэ массажийг европын улс орнуудад зааж сургадаг юм билээ. Би ОХУ-д сургалт нь болоход очиж сурсан. Энэ массаж сурсан хамгийн анхны монгол хүн нь би байсан. Массажаа үйлчлүүлэгчиддээ хийж өгч гарсан үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа. Амны хөндийгөөр хийддэг массаж. Одоо бидний хийгээд байгаа массаж арьсны гадаргуу дээр хийддэг. Энэ массаж нь арьсны гүн рүү өөхөн давхаргат хүрдэг.
– Энэ массаж хэр удаан хийлгэж байж үр дүнд хүрэх вэ. Үр дүнд хүрсэн хүмүүс хэрхэн хадгалж үлдэх вэ?
– Нэг курс нь 8-12 удаагийн давтамжтай ордог. Насныхаа байдлаас хамаарч орох нь тоо нь өөр өөр байна. Курсаар орсны дараа сард нэг удаа орж үр дүнгээ хадгалж, эрүүл сайхан байх боломжтой. Нэг удаа орсноор нүдний ойр орчимд үүссэн хялгасан үрчлээ багасч, нүүрний унжилттай хэсгүүд дээшилнэ. Найман удаа явахад утас гүйлгэсэнтэй дүйцэх хэмжээний үр дүнг мэдэрнэ. Энэ массажны нэг удаагийн оролт нь хоёр цагийн хугацаатай. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш би энэ массажийг салон дээрээ хийж байна. Эхний курсын хүмүүс массажиндаа ороод явж байна. Өнөөдрийн байдлаар хоёр хүн курс массажинд ороод дуусан. Тухайн хоёр хүний арьс нь хүүхдийн арьс шиг зөөлөн булбарай, торгомсог байдалтай, бөөгнөрсөн булчингууд нь жигдэрсэн үр дүн харагдаж байна. Арьсны аппаратанд оруулахад долоон насаар залуужсан байсан.
– Энэ массажийг өөрөө л ганцаараа хийж байгаа юу. Ачаалал хэр байна вэ?
– Тиймээ. Жаахан ачаалалтай байна. Курсаар авч байгаа учраас үр дүнтэйгээр нь дуусгаж өгч байна.
– Мэргэжлийн гоо сайханчийн хувьд арьс арчилгаанд таны өгөх хамгийн чухал зөвлөмж юу вэ?
⁃ Эмэгтэй хүн 25 наснаасаа эхлэн сард нэг удаа гоо сайхны массажинд орж байх ёстой. Тэгж байж булчингуудыг сэргээж, хөгшрөлтийг удаашруулж чадна. Манайх болохоор энэ насан дээрээ ажил, амьдрал, гэр бүл зохиогоод явчихдаг. Зарим нь арьсандаа, гоо сайхандаа анхаархаа больж эхэлдэг. Нэг мэдэхэд л 40 нас хүрээд хөгширчихсөн байдаг. Ядаж л долоо хоногт нэг удаа массажинд орж байгаараа гэж хэлмээр байна. Өнөөдөр мэс ажилбар хийлгээд маргааш гоё, сайхан болох хүсэлтэй хүмүүс их байдаг. Тиймээс охид, бүсгүйчүүд, хүүхнүүд минь холыг харж залуу, сайхан харагдахыг хүсвэл тогтмол, ядаж сард нэг удаа гоо сайхны массажинд орж хэвшээрэй. Миний нэг үйлчлүүлэгчийн бодит жишээ байна. Намайг анх төгсөж ирэхэд гололгүй үйлчлүүлсээр өдий хүрсэн. Тэр эмэгтэй 40 гаруй настай атлаа 30 настай мэт харагддаг. Тиймээс би гоо сайхны үйлчилгээг эмэгтэй хүн бүр тогтмол боломжоороо авч байхыг чухалчлан зөвлөдөг. Мөн гэртээ арьсаа маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Нүүрээ будах нь чухал биш. Цэвэрлэх нь чухал. Арьсныхаа онцлогоос шалтгаалж гоо сайхны бүтээгдэхүүнээ зөв сонгох хэрэгтэй. Эхлээд тосон болон усан цэвэрлэгчийн аль нэгийг арьсныхаа онцлогт тааруулан сонгож цэвэрлэнэ. Дараагаар нь хөөсөн цэвэрлэгээ хийнэ. Энэ үе шатад мөн адил арьсныхаа онцлогт тохируулан гелин цэвэрлэгч үү, хөөсөн цэвэрлэгч үү, саван уу гэдгээ сонгоно. Үүний дараа чийгшүүлэгч тоникоор арчиж цэвэрлэнэ. Энэмэтчлэн 3 үе шаттайгаар цэвэрлэж чадвал та арьсаа зөв, сайн цэвэрлэж байна гэж ойлгож болно. Үүний дараа 7 хоногт 1-2 удаа гуужуулна. Маш сайн чийгшил өгөх тос түрхэж байх хэрэгтэй. Нарны тосыг жилийн 4 улиралд тогтмол хэрэглэж хэвшээрэй. Эдгээрийг сайн баримталж чадвал таны арьс эрүүл, залуу харагдана. Дээрээс нь сайхан унтаж амрах ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Нэргүй.