Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд төрийн батлах хамгаалах үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлах зорилготой “Төрийн батлан хамгаалах үйлчилгээний өдөрлөг” үйл ажиллагаа боллоо.
Энэхүү өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээж үг хэллээ.
Тэрбээр хэлэхдээ “Тэртээх 800 жилийн өмнөөс дэлхий дахиныг байлдан дагуулж явсан Монгол цэргийн цог золбоо сүр хүчний илэрхийлэл болсон туурга тусгаар Монгол Улсынхаа төлөө зүтгэж яваа эр цэргүүддээ, ахмад дайчид, салбарын ажилтнууд, нийт бие бүрэлдэхүүнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 98 жилийн ойн баярын мэнд хүргэе. Эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдал иргэдийнхээ эрх чөлөөний төлөө эрхэм үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн дайчин алдарт эр цэргийнхэн та бүхний зүтгэлээр дэлхийн түүхнээ Монгол Улсын тусгаар тогтнол тунхаглагдан зарлагдсан билээ. Өнөө цагийн амгалан тайван байдлыг үлдээхийн төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж эх орныхоо алдар нэрийг ертөнцийн чихнээ дуурсган хүндтэй гавьяа байгуулж яваа монгол цэргүүдийнхээ баатарлаг үйлсээр бахархах, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх, залуу хойч үедээ залгамжлуулах зорилгоор Монгол цэргийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Уг зорилгыг дэвшүүлэн ажил хэрэг болгож амжилт бүтээлээр дүүрэн, амьдралаа дээшлүүлэх хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран Улаанбаатар цэргийн хүрээний байгууллагуудын орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотын хөгжлийг иргэдийн оролцоонд тулгуурлан бий болгоход та бүхний оролцоо чухал юм” гэж тэмдэглэн хэллээ.
Өдөрлөгийн үеэр Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчин Г.Батмөнх, Ц.Чимэдцэрэн нарт хүндэтгэл үзүүлж батламж гардууллаа. Мөн 18 нас хүрч байгаа иргэдийн төлөөлөл болгож 9 иргэнд дурсамж гардуулан өглөө.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Халхын гол 80 жил” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд оролцож шалгарсан сурагчдад шагналыг нь гардуулан өгсөн юм. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгын хамтарсан тоглолтыг хүрэлцэн ирсэн зочдод толилууллаа .