Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо “ITB Berlin 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 53 дахь удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
“ITB Berlin” нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээнд тооцогддог ба энэ жил 181 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын салбарын байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ 26 үзэсгэлэнгийн танхимд 160 мянга гаруй хүнд танилцуулан 7 тэрбум еврогийн өртөгтэй борлуулалт хийжээ.
Тус үзэсгэлэнд БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо болон МИАТ ТӨХК болон А Стар Монгол, АБ Трэвел, Ар Монгол, Грэйт Чингис, Жуулчин, Нью Жуулчин, Монголын Нууц Товчоо, Натур тур, Ред Рок Ресорт, Цолмон Трэвел, Гэрэгэ Дижитал Технологи ХХК-иуд оролцож олон улсын аялал жуулчлалын байгууллагууд, тур операторууд болон жуулчдад Монгол Улсын аялал жуулчлалын цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчиллаа.
Мөн үзэсгэлэнгийн үеэр Монголын талбайд www.mongolia.travel вебсайтыг танилцуулах олон улсын хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Тус цахим хуудас нь хиймэл оюун ухаанд тулгуурлан Монгол Улс, Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлан, шууд худалдан авалт хийх боломжийг аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд олгох томоохон төсөл юм.
Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ. Тус үзэсгэлэнг 7 000 гаруй олон улсын сэтгүүлчид ирж сурвалжлан Европ төдийгүй дэлхийн олон орны иргэдэд үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг хүргэдэг байна.
Манай Улс өнгөрсөн онд 529 гаруй мянган жуулчин хүлээн авч дотоодын эдийн засагт 569 сая гаруй ам долларын орлогыг оруулсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.