“Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал

2019 оны 03-р сарын 10 өдөр, 12 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5020eeb072618bc40ed1d60739f819ba_x3

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны эцсийн шатны дүн гарч, шилдэг захидлын эзэд шагналаа гардаж авсан. 11 дэх удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд аман хүзүүдсэн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ хаягласан захидлыг хүргэж байна.

Сайн байна уу?

Манай гэрийн хойморт, бурхны дэргэд над руу хараад инээмсэглэн байдаг зурагны эзэн, аавын ээж, миний эмээ таньдаа захидал бичиж сууна. Аав ажилдаа явсан. Харин ээж хоёр дүүг аваад хотын утаанаас холдоно гээд хөдөө явчихсаан. Дүү цэцэрлэгт, ах хичээлдээ, харин би ханиад хүрээд эмчийн магадалгаатай гэртээ өнжиж байна.Та намайг тэнгэрээс харж байна уу?  Харагдахгүй ч байж магадгүй. Хотын дээгүүр битүү утаатай болохоор тэнгэр надад харагдахгүй байна. Утаа арилгах гэж байсан мөнгийг Их хурлын дарга, сайдууд хуваагаад идчихсэн гэсэн. Зурагтаар тэгж ярьсан. За тэр ч яахав. Би таныг нэг удаа ч хараагүй. Гэхдээ аав их сайхан хүн байсан гэж хэлсэн. Аав таны ачийг хариулж чадаагүй гээд ярьдаг. Аав намар Соко аниагийн хуриманд явчхаад согтуу ирээд таны зурагны өмнө суугаад зөндөө уйлсан. Таныг санадаг юм шиг байна лээ. Бид зулын 25-нд, бас цагаан сараар зул асаадаг. Аав “Хөөрхий ээждээ ийм сайхан хүүхдүүдээ харуулж чадаагүй. Би ч азгүй хүн юм аа” гээд өөрийгөө зэмлэдэг. Намайг таны сүнс гэж байна лээ. Тийм байж болох уу?  Та бид тавыг тэнгэрээс хараад аавыг минь баярлуулж болох уу? Өө нээрээ, утаанд харагдахгүй л дээ. Зун утаагүй болохоор хараарай за юу? Ээж бас таныг хараагүй гэсэн. Таны зурган дээр байдаг хүүхэд тэвэрсэн ээжийн зурагтай медалийг ээж Ерөнхийлөгчөөс “Мартын 8”-наар авна гэсэн. Одоо бид тавтай танилцах уу. Би ихэр. Ахыг маань Пүрэвдорж, намайг Пүрэв-Очир гэдэг. Эмэгтэй дүүг маань Нинжбадгар гэдэг. Тэр ганцаараа төрсөн гээд аавд их эрхэлдэг. Дахиад ихэр бий. Тэр хоёрыг Мөнх-Оршихуй,  Энх-Оршихуй  гэдэг. Ээж дархан бэр болно гэсэн. Гурван эрэгтэй хүүхэд төрүүлэхээр тэгдэг гэнэ лээ. Одоо цаг тав болж байна. Дүүгээ цэцэрлэгээс авахаас даа. Утааны маскаа өөрөө, бас дүүдээ сайн зүүлгэхгүй бол утаанд хордоно гэж ээж хэлсэн. Утаа ч аймар байна даа. Тэнгэрт утаагүй байхдаа, баяртай эмээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Aldart eh
     (192.168.8..***)
    2019/03/11 23:48

    Сэтгэгдэл:Huuhed baij mundag bichjee…

    (0) (0)