Нэг мөчирт багтаагүй навч

2019 оны 03-р сарын 10 өдөр, 11 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
10371992_474516042680419_969159781628016846_n

Цэнгэл бяцхан охиныхоо тачирхан хэрнээ ширүүн буржгар үсийг илж, түүнийг тайвшруулах гэж хэр чадлаараа оролдов. Ану цурхиран уйлж, “Би дахиад зургийн дугуйланд явахгүй хэмээн чарлаж, дүрлэгэр хар нүднээс нь хумсын толион чинээ нулимс унаж, яг л үлээсэн бөмбөлөг шиг хагарч байхыг хараад Цэнгэл яах ч учраа олохгүй сандрав. “Манай дугуйлангийн хүүхэд миний нүүр рүү хар усан будаг цацчихсан. “Чи тэртээ тэргүй хар юм чинь нүүрэнд чинь будаг наалдсан ч мэдэгдэхгүй байна гэсэн. Ээжээ би яагаад ганцаараа ийм хар царайтай юм” гэж нус нулимсандаа хутгалдаж уйлах балчир охиноо өрөвдөж, өөрийгөө зүхэхэд Цэнгэлийн хамар шархиран, хоолойд нь гашуун нулимс торж, үг ч хэлж чадсангүй. Гэвч тэр уйлахгүйг хичээж байлаа. Хэрвээ Цэнгэл уйлах л юм бол эрх жаахан охин нь улам их шанална, улам их сэтгэлээр унана гэдгийг тэр мэдэж, нулимсаа залгив. Үнэндээ хоолой дээр нь нулимс тээглэж, дуугарч чадахгүй байлаа. Ану уйлж, уйлж бухимдал, гомдолдоо түүртэж ядрав бололтой зүйрмэглэж эхэллээ. Аравхан настай охины наснаасаа хэтэрсэн сэтгэлийн шаналалд өөрийгөө, өөрийгөө буруутгаж байсан Цэнгэлийн нууж ядаж байсан нулимс үерийн ус шиг зад тавьж, хоёр хацрыг нь зуран урссаар… Тиймээ энэ бүхэнд ганцхан би л буруутай гэж бодохоор л өөрөө өөрийгөө дахиад л зүхэж эхлэв. Одоогоос арван гурван жилийн тэртээ Цэнгэл Америкт суралцахаар явж байлаа. Тэр үед монголчууд бүгдээрээ л гадагшаа гарах гэж, виз даруулах гэж ёстой л нөгөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй гүйлдэж байсан үе. Тэдний нэг нь Цэнгэл. Аз болж зурах авьяастай, бас Олон улсын тэмцээнд гайгүй өндөр амжилт үзүүлсэн учраас тэр АНУ-ын Элчин сайдын яамнаас нэг их зоволгүйгээр виз салгаж, аавынхаа хоёр өрөө байрыг барьцаанд тавиад харь нутгийг зорьж байлаа. Цэнгэл Америкт дасаж зохицох гэж нэг их зовсонгүй. Сурахаасаа өмнө ажил хийж, өрөө төлөх гэж хэр чадлаараа зүтгэнэ. Цагийн ажил хийж, цөөн хэдэн төгрөг олоод яг талыг нь гэр рүүгээ явуулна. Нэгэнт л хөлсөө урсгаж байж цөөн хэдэн төгрөг олдог учраас аль болох ахиу хөлс мөнгөтэй ажил олчих юмсан гэж хэр чадлаараа хичээж байлаа. Тэгж яваад л тэр Кабир хэмээх залуутай танилцаж байлаа. Том зочид буудлын менежер хийдэг, хөгжилтэй сэргэлэн, бас охид хүүхнүүдийг өөртөө татаж чаддаг энэ өнгөт арьстан эр нэг л мэдэхэд Цэнгэлд тун дотно санагддаг болсон байв. Тэрээр Цэнгэлийн цөөн хэдхэн зураг, гар нооргийг хараад л “Ийм авьяасыг хайрлах хэрэгтэй. Энэ гарыг бохир хогийн сав руу дүрж хэзээ ч болохгүй. Бурхан шийтгэнэ” хэмээн дуу алдаж байв. Үнэндээ тэр Цэнгэлийг хэзээ ч хүнд хүчир, бохир заваан зүйлд гар хүргүүлдэггүй байлаа. Кабир ” Би ази бүсгүйг л эхнэрээ болгоно” хэмээн ажлынхандаа зарлаж, Цэнгэлийн янзыг үзэх мэт цоо ширтдэг байлаа. Боловсролтой, эелдэг зөөлөн, илүү дутуу ааш авиргүй, бас өндөр цалинтай, өөрийн гэсэн орон сууцтай энэ эрийн хайр халамж Цэнгэлийн сэтгэлийг ч татаж байв. Тэрээр Кабиртай дотносч, жил гаруй хамтран амьдарчээ. Цэнгэл хөл хүнд болж, Кабир хүүхдийн өрөөндөө засвар хийнэ хэмээн хөөрч, хурим хийх тухай янз бүрийн санал тавьж байсан ч тэр нэг л түгшээд байлаа. Алдартай зураач болно гэж итгэж хүлээж байгаа эцэг эх хоёртоо тэр харь нутгийн хар арьстан эртэй амьдарч, байгаа, бүр хүүхдийг нь төрүүлэх гэж байна гэдгээ хэлэх гэж хичнээн удаа оролдсон ч хэлж чадсангүй. Түүнийг гурван сартай хөл хүнд байхад нь аав нь осолд орж, “Яаралтай ир” хэмээн дуудуулсан учраас нутаг буцахаас өөр арга түүнд олдсонгүй. Машины осолд орсон аавыгаа сахиж, эмнэлэг гэрийн хооронд гүйж, нэг л мэдэхэд хоёр сар өнгөрчихсөн байлаа. Цэнгэл Кабир руу хааяа нэг утсаар ярина. Үнэндээ аавыгаа сахиж ингэж удаан хэл сураггүй байгаад Кабир тун их гайхаж байгаа нь илт. Олон хоног эмнэлгийн үүд сахиж, олон шөнө нойргүй хонож, муу аавыгаа хөл дээр нь босгох гэж зүтгэсэн ч тулаад ирсэн үхлийн өмнө түүний хүч мөхөсдөж байгаагаа улам бүр мэдэрч байв. Тэр нэг өглөө аав нь их л хүч шавхаж байж “Аав нь одоо тэсэхгүй биз дээ. Миний охин муу ээжийгээ битгий ганцаардуулаарай. Буцаж Америк яваад хэрэггүй биз дээ” гэж хэлж билээ. Үнэндээ энэ бол хөөрхий аавынх нь сүүлчийн захиас байсан юм. Аавыгаа хөдөөлүүлж, буяны ажил хийх, бас ээжийгээ тайвшруулах гэж аргаа барсан бүсгүй Кабир руу нэг орой залгаж “Аав маань өөд болсон” гэхэд тэрбээр ганц ч үг дуугарсангүй. Зөвхөн Цэнгэлийн хэзээ ирэх нь л түүнд сонин байгаа нь илт. Утасны цаана Кабирын энэ үл тоомсорлосон байдал Цэнгэлийн сэтгэлийг урах шиг л санагдаж билээ. Гэвч Цэнгэл тайван байхыг хичээж, “Ээж минь ганцаараа. Орхиж явж чадахгүй байна” гэвэл Кабир их л гайхаж байгаа нь илт. “Наана чинь хөгшчүүдийн асрамж гэж байдаг биз дээ. Мөнгө хэрэгтэй бол би өгнө ш дээ” хэмээн палхийтэл хэлэх нь тэр. Уг нь тэр аавыгаа өөд болсныг Кабирт хэлж, жаахан ч гэсэн уйлж, тайтгарахыг бас ээжийгээ ганцааранг нь хаяад шууд явж чадахгүй байгаагаа хэлэхийг хүсч байлаа. Кабир түүнд хайртай юм чинь аавыгаа алдсныг дуулаад бас л гашуудах байх, бас ээжийгээ ганцааранг нь орхиж чадахгүй байгааг минь ойлгоно. Үнэхээр л тэр надад хайртай юм бол Монгол руу хүрээд ирэх байх гэж бодож байсан хэрэг. Кабирын энэ хүйтэн хөндий үг Цэнгэлийн тэвчээрийг бүрмөсөн барав. Нэг л мэдэхэд тэр “Би хэзээ ч очихгүй, Чи намайг энэ орчлонд байхгүй гэж бод. Бас хүүхдийн тухай март” хэмээн хашгирч байлаа. Дахиж тэр Кабиртай холбоо барьсангүй. Үнэндээ Цэнгэл түүнд гомдож, бас гэдсэн дэх хүүхдээ бодон шаналж зовж байлаа. “Муу ч гэсэн архичин ч гэсэн монгол залуутай нийлсэн бол надад ингэж хүйтэн хөндий хандахгүй л байсан даа” гэж бодохоор нэг л гомдолтой санагдаад болдоггүй. Бас дээр нь ганцаардаж байх суух газраа олохгүй самгардаж байгаа ээждээ хань бараа болох гэж хичнээнэ. Эмнэлэг л явья. Энэ хүүхдийг ямар ч хамаагүй аргаар авахуулья гэж нэг бус удаа бодож байсан ч тэр зүрхэлсэнгүй. Үнэндээ түүний дотор амьдрах гэж ядаж байгаа тэр нэг бяцхан нахиаг тэр тас татан хаяхаас айж байлаа. Нэг орой ээж нь охиноо их л сэжигтэйгээр харж сууснаа “Миний охин хөл хүнд юмаа даа. Ээж нь ирсэн өдрөөс чинь хойш л асуух гээд, тэгснээ санааг чинь зовоочих байх гэж бодоод хэлж чадахгүй өдий хүрчихлээ” гэв. Цэнгэл ээжийнхээ энэ үгийг сонсоод л цурхиртал уйлж билээ. Харь хүнтэй хамт амьдарч байсан, бас ойлголцож чадахгүй байгаагаа, ер нь л юу ч нуулгүй ярив. Шаналж, зовж байгаа охиноо чимээгүйхэн харж суусан ээж нь “Миний охин амьдралаа, бас хүүхдээ бод. Бушуухан буц” гэж хичнээн ятгасан ч Цэнгэл явж чадсангүй. Аавынхаа сүүлчийн захиасыг умартаж, бас бүртийтэл ганцаараа үлдэх атигар эмгэнийг хаяад явна гэж төсөөлж ч чадахгүй байв. Аргаа барсан ээж нь “Наад хүүхдийн чинь эцэг хар хүн гээ биз дээ. Ямар царай зүстэй хүүхэд гарах бол?” хэмээн болгоомжтойгоор асуув. Үнэндээ энэ асуулт л Цэнгэлийг тун их зовоож байлаа. Төрөн төртлөө тэр тээж яваа үрээ хайрлаж байсан ч ямар царай зүстэй хүүхэд гарах бол гэж болгоомжилж байсан. Охиноо төрөх тэр өдөр бүр ч их сандарч байлаа. Гэвч болох ёстой зүйл болдгоороо л болов. Цэнгэлийг төрсний дараа эмнэлэгээр л нэг яриа болж нэг хүүхэн төрсөн, хар хүүхэд гарсан тухай шуугилдаж, эмч асрагч, сувилагч нар хүртэл үзвэр үзэх гэж байгаа юм шиг өрөөгөөр нь эргэлдэж эхлэхэд л тэр охиныг нь ямархан ирээдүй хүлээж байгааг бие сэтгэлээрээ мэдэрч билээ. Тэглээ гээд яахав. Туулаад ирсэн амьдралыг туучаад л гарахаас өөр арга зам түүнд байсангүй. Ану охин ухаан суух тусам өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэдэрч, бас хүүхдүүд түүнийг элдвээр гоочилж байлаа.
Цэнгэл охиноо өргөж, орон дээрээ тавьчихаад олон жил хэрэглээгүй цаас будгаа дэлгэлээ. Тэр томоос том мод зурлаа. Үндэс мөчрөөрөө газрын хөрснөөс зуурсан аварга том модны мөчир бүхэн өөр өөрийн гэсэн өнгө аястай, өөр өөрийн гэсэн дүр төрхтэй. Цэнгэл зурагны захад “Амьдрал хэмээх аварга том царс мод хэдэн зуун салаа мөчиртэй. Гэхдээ нэг мөчирт багтаж ургаагүй ч зарим навч нэг нэгнээ үгүйлэн санаж, уяран хайрлаж байдаг юм” хэмээн хичээнгүйлэн бичээд охиныхоо орны өмнө тавьчихлаа. Ану охин өсөж том болно. Тэр цагт яагаад ээжийгээ ингэж бичснийг ухаарна хэмээн бодохоор түүний дотор онгойх шиг санагдав.
Хэдэн жилийн өмнө ээж нь нас барсан учир одоо түүнд хоргодоод байх зүйл байсангүй. Гэхдээ л нутаг ус, найз нөхдөө хаяад явна гэж бодох түүнд хүнд байлаа. Гэвч тэр энэ орой тэр явахаар бүрмөсөн шийджээ. Цэнгэл амандаа “Нэг мөчирт багтаагүй навч” хэмээн дахин дахин үглэж байлаа.

Б.Цоожчулуунцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх