“Медиа тур” төслийн хүрээнд Монголын сэтгүүлчид дэлхийн 20 гаруй оронд эх орноо сурталчлан аялна

2019 оны 03-р сарын 10 өдөр, 11 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5c80f06ecc59f_large

ГХЯ, МСНЭ-ээс өнөөдөр ГХЯ-нд “Элчин сайд нар ба сэтгүүлчид” уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр ГХЯ, МСНЭ, МҮОНРТ хамтран ажиллах “Медиа тур” төслийн нээлт боллоо.

Монгол Улсыг гадаадад сурталчлахын зэрэгцээ манай улсад суугаа гадаадын Элчин сайд нарын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх “Медиа тур” төслийн санамж бичигт ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МҮОНРТ-ийн “MNB world” сувгийн захирал О.Тэгшгэрэл нар гарын үсэг зурлаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар төслийг нээж хэлэхдээ, “Монгол Улсаа дэлхий нийт, гадаадад сурталчлахын сацуу өөрийн орны иргэд, олон нийтийг дэлхийн дахины талаарх үнэн зөв бодитой мэдээллээр хангах нь манай яамны болон Монголын сэтгүүлчдийн үүрэг бөгөөд энд бидний хамтын ажиллагаа огтлолцон төвлөрч байна. Нэг ёсондоо “Нэг цонхны гадаад бодлого”-ыг хэрэгжүүлэхэд одоо бид хамтран ажиллахаар боллоо” хэмээн онцолсон юм. Тэрээр, “Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард МСНЭ-тэй хамтран анхны уулзалтыг зохион байгуулсан. Үүгээр МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх үүднээс гадаад, дотоодод уулзалт, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллах санал тавьсныг бид хүлээн авсан юм” гэв.

 МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Монголын сэтгүүлчдийн болон сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллагын санал санаачлагыг хүндэтгэн хүлээн авч дэмжиж буйд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон ГХЯ-ны хамт олон, гадаадын ЭСЯ-дын тэргүүн Элчин сайд нарт талархсанаа илэрхийлээд, “Өнөөдөр бид нэгд, сэтгүүлчдийн байгууллага ГХЯ-тайгаа албан ёсоор хамтран ажиллах, мөн ГХЯ, МСНЭ, МҮОНРТ “Медиа тур” төслийг хамтран хэрэгжүүлж хөтлөн явуулах санамж бичгийг тус тус  байгуулж буй онцлогтой”-г тодотгож байв. Тэрээр Элчин сайд нарт хандан онцгойлон хэлэхдээ, “Энэ төсөл нь гадаадын улс орнуудыг Монголын иргэдэд сурталчлахад илүү ойр хамтын ажиллагаа байх юм” гэдгийг тодотгов.

 “Медиа тур” төслийн хүрээнд Монголын сэтгүүлчид ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Тунис, Казахстан, Киргиз, Узбекстан, БНАСАУ, Энэтхэг, Герман, Чех зэрэг 20 гаруй оронд албан айлчлал хийж, аялал зохион байгуулах замаар талуудын оролцоог ханган Монгол Улсаа сурталчлах, тухайн орнуудын хөгжлийн загварыг сурвалжлахын сацуу гадаад орнуудад ажиллаж буй ЭСЯ-дын үйл ажиллагааны мэдээг олон нийт, иргэдэд хүргэх юм.

 Төслийн хүрээнд сэтгүүлчид бэтгэсэн мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгээ МҮОНРТ-ээр цацан аялал жуулчлалын шинэ суваг бий болгох юм. Түүнчлэн гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан өөрийн орны түүх, соёл, ёс заншил, үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлалыг сурталчилж, бэлтгэсэн нэвтрүүлгээ олон улсын томоохон сувгуудаар цацах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх