Өмнөговь аймгийн Ханбогд сум, ”Оюутолгой” ХХК-д инженерээр ажиллаж байсан Энэтхэг улсын иргэнээс улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрчээ. ХӨСҮТ-өөс хийсэн лабораторийн шинжилгээгээр улаанбурхан өвчин болох нь нэгэнт батлагдсан тул ЭМЯ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газартай цахим хурал зохион байгуулж, хэрхэн ажиллах заавар чиглэлийг өгсөн байна.
Түүнчлэн өнөөдөр ХӨСҮТ-ийн таван хүний бүрэлдэхүүний эмч нарын баг тус аймгийг зорьж, голомтын хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн тухай өвчтөн болон ойрын хавьтал болох халдвар авах магадлалтай 12 хүнийг тусгаарлан, эмчийн хяналтанд үзлэг шинжилгээнд хамруулан тандалт судалгааг үргэлжлүүлж байна.
Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд тууралт эхлэхээс өмнө болон тууралтын дараах 4-5 хоногт халдвар тархах өндөр эрсдэлтэй юм. Ялангуяа улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтанд хамрагдаагүй хүмүүст вирус халдварлаж, өвчлөл үүсгэх эрсдэлтэй тул Эрүүл мэндийн яамнаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч, өвчний голомтыг хумих чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.
Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хүрээнд улаанбурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтанд хамруулж буй бөгөөд дархлалын түвшин бага гэгддэг 08-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг холбогдох байгууллагуудад захиалсан аж.
2018 оны жилийн эцсийн байдлаас авч үзвэл Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Япон, Малайз, Украйн, Гүрж, Серби, Итали, ОХУ, БНХАУ зэрэг улс орнуудад улаанбурхан өвчний дэгдэлт гарсан байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудад уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж, халдвар тархах эрсдлээс хамгаалж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үүрэг болгожээ.
Мөн бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлааг нь дэмжих үүднээс амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэрийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмчид хандах нь чухал юм.