Тавантолгой ордыг түшиглэж цахилгаан станц барихаар шийдвэрлэв

2018 оны 12-р сарын 26 өдөр, 12 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
48396164_1909623492488943_1167553637845565440_n

Засгийн газрын өнөөдөр/2018.12.26/-ийн хуралдаанаар Оюутолгойн уурхайн эрчим хүчийг дотоодоос 100 хувь хангах цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих талаар гэрээ байгуулахыг дэмжсэн байна. Оюутолгой БНХАУ-аас жилд тэрбум гаруй кВт.цаг эрчим хүч худалдан авч байна. Дотоодын эрчим хүчийг ирэх оноос Оюутолгойд нийлүүлж эхлэх бөгөөд цахилгаан станцыг 2023 онд ашиглалтад оруулснаар Монгол Улсын дотоодын эрчим хүчээр бүрэн хангах юм.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түүхэн шийдвэр гарлаа. Тавантолгой дээр цахилгаан станц барих талаар үе үеийн Засгийн газрууд ярьж байсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гаргаагүй байсан. Засгийн газар Рио-Тинто компанитай Оюутолгойг эрчим хүчээр хангах, Тавантолгойн цахилгаан станцыг барих асуудлаар хэлэлцэл хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжигдлээ. Ингэснээр Тавантолгой ордыг түшиглэн барих Оюутолгой, Тавантолгойг эрчим хүчээр хангах 300МВт-ын цахилгаан станцыг 2023 оны 06 дугаар сард ашиглалтад оруулахаар боллоо. Мөн ирэх оноос эхлээд Оюутолгойн эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоосоо хангаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын дотоодын эрчим хүчний системээс 20 хувийг нь хангана. Энэ бол түүхэн шийдвэр. Тиймээс бид дотоодын эрчим хүчнийхээ дамжуулах дэд бүтцийг барьж байгуулах ажил үндсэндээ дуусч байна. Он гараад Оюутолгой Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдоно” гэлээ.
Тавантолгойн цахилгаан станц баригдсанаар Рио-Тинто компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх юм. Гэрээ байгуулсны дараагаар тодорхой хэлэлцлүүд хийгдэнэ. Мөн байгаль орчны тэр дундаа усны үнэлгээнүүдийг хийх юм. Хөрөнгө оруулагчдын хооронд санхүүжилтийн гэрээ байгуулна. Ингэснээр станцын барилга угсралтын ажил 2020 оны 03 дугаар сараас эхлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх