Сэтгүүлзүйн салбарын отгон төрийн бус байгууллага болох Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны “Улаанбаатар Сэтгүүлч 2018” шинэ жилийн цэнгүүн амжилттай болж өндөрлөлөө. Уг цэнгүүнд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч асан М.Наранбаатар, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, “Ц.Балдорж” сангийн тэргүүн Б.Нонинтүшиг, НСНХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүн, яруу найрагч Л.Ган-Очир, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Болормаа, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нарын зэрэг хүндэт зочид урилгаар оролцсон юм.
Байгуулагдаад жилийн ойтойгоо золгож буй энэ байгууллага сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх, чадавхжуулах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулахаар зориод байгаа юм.
Эгнээндээ 350 гаруй сэтгүүлчдийг нэгтгэсэн уг байгууллагын анхны жилийн цэнгүүн “Сити таур”-т болж “BEST JOURNALIST 2018” шилдэг сэтгүүлчдээ шалгарууллаа.
Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны нэрэмжит “BEST JOURNALIST 2018” шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга, “Ulsturch.mn” сайтын сэтгүүлч З.Батхуяг, “Гранд” сэтгүүлийн эрхлэгч А.Ундрал, “101,7” радиогийн сэтгүүлч, редактор А.Алтанхүү, “Ийгл” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг нар шалгарч цом, гадаадад аялах нэг сая төгрөгийн эрхийн бичиг, “Амжилтын гараа академи”-д гадаад хэл сурах эрх, “Амар” амралт сувиллын газар 50 хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг гардан авлаа.
Мөн нийт оролцогчдын дунд сугалаа явуулж, азтай одтой сэтгүүлчийг тодруулахад Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны УЗ-ийн гишүүн, Хөдөлмөр сонины сэтгүүлч Т.Солонго шалгарч “Өөдлөх зөв зам” авто сургуульд сурах эрхийн бичиг, “Best of Mongolia” сэтгүүлийн сэтгүүлч С.Уранбаяр 250 мянган төгрөгийн үнэ бүхий гоо сайхны салонаар үйлчлүүлэх эрх зэргийг тус тус хожсон юм. Шилдгүүдэд баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.