Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалтай танилцаж байгаа билээ. Энэ дагуу өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв болон Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос өнөөдрийн байдлаар 308 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 108 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон Ахмадын эмнэлгийн Хүүхдийн II тасгийн өрөө тус бүрт ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ажиллуулж буй нь дотоод орчны агаарын бохирдол болон амьсгалын замын халдварт өвчлөлөөс хамгаалах нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн хэмээн үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байна.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өнөөдрийн байдлаар 174 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 96 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Мэдрэлийн тасгийн 40 ор, нөөцөөс 60 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Физик эмчилгээний өрөө, Сэргээн засах болон Ажилчдын амралтын өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц орон зайд ор дэлгэсэн байна. Тус эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар Удирдлагын зөвлөлийн гишүүд, халдвар судлаач нар дэмжлэгт хяналтыг өдөр бүр хийж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 125 ортойгоос өнөөдрийн байдлаар 195 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн болон Мэдрэлийн тасгийн 20 ор, нөөцөөс 50 орыг хүүхдийн оронд шилжүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 230 ортойгоос өнөөдрийн байдлаар 224 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос өнөөдрийн байдлаар 280 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 115 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өнөөдрийн байдлаар 318 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сувилагчийн өрөө, Физик эмчилгээний өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц оронд зайд нийт 238 орыг дэлгэн ажиллуулж байна.
Дүүргийн эрүүл мэндийн төвүүд “Хүүхдийн кабинет”-ийг ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар, мөн томуу, томуу төст өвчний зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна. Түүнчлэн ӨЭМТ-ийн гэрийн эргэлт үзлэгийг идэвхижүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж, нэмэлтээр 895 орыг дэлгэж өнөөдрийн байдлаар нийт 1872 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР