Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 572 өрх агаарын чанарыг хэмжих судалгаанд хамрагдаж байна

2018 оны 12-р сарын 21 өдөр, 16 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7_20181221033122

Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хийсэн санамж бичгийн дагуу Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран агаар орчны бохирдлыг бууруулах агаарын чанарын судалгааг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллын өрхүүдэд авч эхэллээ.

Агаарын чанарын хэмжилт хийх судалгаанд 10 дугаар хорооны Морингийн даваа орчмын 572 айл өрх эхний байдлаар хамрагдаж, амжилттай хэрэгжвэл нийслэлийн 9 дүүргийн гэр хороололд тус төслийг эхлүүлэх аж.

Судалгаанд хамрагдсан 572 өрхөд нийт 60 тн нүүрсийг тарааж, 5 хоногийн турш түүхий нүүрс, 5 өдөр сайжруулсан түлшийг туршилтаар хэрэглүүлнэ. Мөн тодорхой цэгүүдэд хэмжилтийн төхөөрөмжтэй, хөдөлгөөнт хяналтын автомашинтай холбогдох мэргэжилтэнгүүд  24 цагийн турш хяналт тавин үр дүнг тооцон ажиллаж байна. Судалгааг 2018 оны 12 дугаар сарын 14 – 28-ны өдөр хүртэлх хугацаанд авах бөгөөд энэ сарын 28-нд үр дүнг олон нийтэд танилцуулж, цаашид агаар орчны бохирдлыг бууруулах ажлын төлөвлөгөөгөө холбогдох албаныхан нэгдсэн байдлаар гаргах аж.

Судалгаанд хамрагдаж буй айл өрхүүдийн нөхцөл байдалтай НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дэд дарга А.Амарсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс судалгааны явцтай 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр биечлэн танилцлаа.

Судалгаанд хамрагдаж байгаа иргэдийн санал хүсэлтийг сонсоход түүхий нүүр, сайжруулсан түлш хоёрын ялгаа их байна. Түүхий нүүрс чанар муутай, барьцалдах чадваргүй, бутардаг, асалт муутай байсан.Харин сайжруулсан түлшийг  хэрэглэснээр  бүрэн шаталттай учраас үнс 50 хувиар буурсан. Мөн төслийн зууханд бол сайжруулсан шахмал түлшний шаталт удаан буюу 7-8 цаг хүртэл халуун илчээ барьж байна хэмээж байлаа.

Судалгаа авч буй холбогдох мэргэжилтэнгүүд жишээ нь таван тонн нүүрс түлдэг байсан айл  2,5 тонн сайжруулсан түлш хэрэглэж,  эдийн засгийн хэмнэлт гарах үндэслэлтэй байна. Ялгаа нь сайжруулсан түлш түүхий нүүрсийг бодвол илчлэг өндөртэй, чийгшэл багатай, атоз, угаарын хий ялгаруулт бага хэмээн бодит нөхцөл байдлыг танилцууллаа.

Энэхүү 3 дугаар шатны төслөөр шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх, түлш нийлүүлсэн бүс орчимд орчны агаарын чанарын хэмжилт хийж, үр дүнг өмнөх хэмжилтийн дүнтэй харьцуулах юм байна. Мөн хөдөлгөөнт эх үүсвэрээс ялгарах агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүд болон өмнөх төсөлд хийгдсэн усан халаалтын зуухнуудыг магадлан итгэмжлэх, орчны хэмжилтийн хяналтын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сайжруулах шаардлагатай үйл ажиллагаанууд дээр үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж ажиллах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх