Замын цагдаагийн алба хаагчдаас гудамж замд хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор гаргасан зөрчилд хуулийн дагуу хариуцлага оногдуулж, зөрчлийн оноог 1-5 хүртэл хасч тооцож байна.
Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй жолоочид жолоочийн зөрчлийн онооны журам үйлчилдэг.
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д заасны дагауу он гарсаар эхний 11 сарын байдлаар нийт 187712 жолоочийн зөрчлийн оноо тооцсоноос жолоочийн оноо дуусч эрх түдгэлзсэн 2930 жолооч бүртгэлтэй байгаа нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 2,4 дахин нэмэгдсэн байна.
Зөрчлийн оноо дууссан жолооч нар журамд заасны дагуу хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээх боломжтой юм.
Зөрчлийн оноо сэргээх иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн онооны сургалтыг зохион байгуулах төрийн бус байгууллагуудад хандаж сургалтад суух юм.
Түүнчлэн жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг service.police.gov.mn сайтаар дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхний дугаараар авах боломжтой.