Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны хүмүүс Монгол улсын агаарын тээврийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох Төв аймгийн Сэргэлэн сум, Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Япон хоёр орны найрамдлын харилцааны гүүр нь энэхүү том бүтээн байгуулалт гэдгийг онцлоод засгийн газрын хийж хэрэгжүүлэх ёстой нэн тэргүүний ажил бол шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтанд оруулах явдал гэлээ. Нисэх онгоцны буудал ашиглалтанд орсноор Аялал жуулчлал нэмэгдэх, олон мянган шинэ ажлын байр бий болох зэрэг ач холбогдолтой бөгөөд ирэх оны долоодугаар сард албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Жилдээ гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай, хоёр талаасаа буух, хөөрөх зурвастай, олон улсын стандартыг хангасан иж бүрэн цогцолборыг Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын засгийн газрын хоорондын гэрээний хүрээнд нийтдээ 65.6 тэрбум иений хөрөнгөөр барьж байгуулж байна. Хөнгөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай авч буй бөгөөд эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Эхний зээлийн гэрээний жилийн хүү 0.2 хувь байсан бол нэмэлт зээлийн гэрээний хүү жилийн 0.1 хувь болон буурсан. Мөн Зөвлөх үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн зээлийн гэрээний хүү 0.01 хувь болон буурч байна.
Шинэ нисэх онцгоцны буудал нь нислэг, хөдөлгөөний удирдлагын байр, зорчигч үйлчилгээ, захиргааны барилга, гүүрэн байгууламж, 800 гаруй авто машины зогсоол, 42 мегаватын хүчин чадалтай дулааны станц, цахилгаан дамжуулах 110 Кв-ын өндөр хүчний шугамын дэд станц, гүний худгийн барилга, бохир ус цэвэрлэх ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж, агаарын хөлөгт үйлчлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, 200 авто машины болон газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гараж, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем, нийт 8000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах сав, үерийн уснаас хамгаалах далан суваг, инженерийн шугам сүлжээний газар доогуурх 1,8 км урт цутгамал хонгил зэрэг 30 гаруй барилга байгууламжийг барьж байгуулах юм.
Төслийн бүтээн байгуулалтын үндсэн гэрээнд багтсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлууд дуусаж Улсын комисст хүлээлгэн өгөөд байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцуулаад Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийг хурдны авто замаар холбох ажил 93 хувьтай явагдаж байгааг дуулгалаа. Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй “Ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилга”, “Аэродромын үйлчилгээний барилга”-ын ажлын гүйцэтгэл 89.2 хувьтай, ажил хэвийн үргэлжилж байна.
Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор одоогийн ашиглагдаж буй нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч байсан хүндрэлийг арилгаж, зурвас ашиглалтыг 73 хувиас 98 хувьд хүргэх, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалсан саатлыг 2.3 хувиас 0.5 хувь болгож бууруулах боломжтой юм. Түүнчлэн иргэний нисэхийн олон улсын стандарт, шаардлагад нийцсэн нислэг хөдөлгөөний удирдлагын орчин үеийн тоног төхөөрөмж, навигацийн тоноглолоор хангагдах юм.
Зам, тээврийн хөгжлийн яам