Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Х.Хайвд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.
Х.Хайв нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн С-ыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, уг албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргасан хэдий ч дээрх захирамжийг С-д мэдэгдэж танилцуулахгүйгээр нуун дарагдуулж байгаад түүнийг шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан захирамж гарган шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд Х.Хайвыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанар уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.