Монголын Татварын алба, Японы ЖАЙКА байгууллагын хамтын ажиллагааны 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн уулзалт боллоо

2018 оны 12-р сарын 05 өдөр, 17 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tatvarr

Монгол Улсад орчин үеийн жишигт нийцсэн Татварын албаны тогтолцоог бүрдүүлж, татварын удирдлагыг бэхжүүлэхэд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлсэн төслүүд томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Татварын ерөнхий газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож, хүндэтгэлийн уулзалтыг ТЕГ-ын Хурлын танхимд зохион байгууллаа. Хүндэтгэлийн уулзалтад ТЕГ-ын дарга Д.Занданбат, Жайкагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, ТЕГ-ын ТЗУГ-ын дарга Л.Нэргүй, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Энхжавхлан, Төслийн багийн ахлагч Ивашита Кеничиро болон албаны бусад хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо.

Хүндэтгэлийн уулзалтыг ТЕГ-ын дарга Д.Занданбат нээж, “Монголын татварын алба болон Японы ЖАЙКА байгууллагын хамтын ажиллагааны 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн уулзалтад хүрэлцэн ирсэн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дах суурин төлөөлөгч ноён Сато, таныг дагалдан ирсэн хүндэт зочид болон Татварын ерөнхий газрын албан хаагчид та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Япон улсын цаг тооллоор 2018 он бол Хэйсэйгийн 30 дугаар он бөгөөд 12 дугаар сард Япон улсын Цог жавхлант эзэн хаан Акихито 85 насныхаа ойтой золгох гэж байгаа энэ цаг хугацаанд хоёр байгууллагын хамтын ажиллагааны 20 жилийн тэгш ой тохиож байгаад миний бие баяртай байна. Япон улс, Японы ард түмний зүгээс Монгол улс, Монголын ард түмний сонгосон ардчилсан нийгэм, нээлттэй зах зээлийн эдийн засгийг цогцлоох явдлыг тууштай дэмжиж, өөрсдийн туслалцааг ЖАЙКА байгууллагаар дамжуулан үзүүлж ирсэнд бид бүхэн талархаж явдаг билээ.

Монголын татварын албаны зүгээс татвар төлөх сэтгэл зүй төлөвшөөгүй татвар төлөгчдийг татварын хууль, тогтоомжийг сайн дураараа мөрддөг болгох, улмаар улс орон нутгийн төсөвт татварын орлогыг жигд төвлөрүүлэх том зорилт, сорилтуудтай тулж байсан 1998 оноос эхлэн ЖАЙКА бидэнтэй хамт байна. Тухайлбал, татвар төлөгчдөд нэг цэгээр үйлчилгээ үзүүлэх загвар төв байгуулах, утсаар зөвлөгөө өгөх болон өр барагдуулах үйлчилгээ нэвтрүүлэх, хөндлөнгийн мэдээллийн сан үүсгэх, татварын улсын байцаагчдыг сургах бүсийн сургалтын төвүүдийг байгуулах, сургалтын материалуудыг шинэчлэн боловсруулах болон татварын удирдлагын чиглэлээр ЭЗХАХБ болон Японы татварын албанаас гаргасан гарын авлага, арга зүйн материалуудыг орчуулан сургалтад ашиглаж байгаа зэрэг ажлуудыг цохон тэмдэглэх байна. Түүнчлэн хамтын ажиллагааны 20 жилд Япон улсад 177 татварын улсын байцаагчдыг, дотоодод давхардсан тоогоор 2000 гаруй татварын байцаагчдыг чадваржуулж, чадавхижуулж ирсэн нь татварын албаны өнөөгийн бие бүрэлдэхүүний тоотой дүйцэхүйц  байгаа нь бахдууштай байна.

Япон Улсын ЖАЙКА байгууллагын төсөл хөтөлбөрүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон салбаруудад амжилттай хэрэгжиж ирсэн бөгөөд тэдгээрээс 20 жилийн хугацаанд тууштай хамтын ажиллагааг хөгжүүлсэн түүх, нэр төр Монголын татварын албанд ирж байна. Энэ баярт үйл явдал, сайхан түүхийг дурсан тэмдэглэх нь зүйн хэрэг учир Монголын татварын албаны удирдлагын зүгээс өнөөдрийн энэхүү Хүндэтгэлийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм. ЖАЙКА байгууллагатай хамтран ажилласан 20 жилийн хугацаанд хийсэн ажлууд Монголын татварын албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох, үр дүнг дээшлүүлэхэд болон татварын улсын байцаагчдын мэдлэг ур чадварыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулсныг бид өндрөөр үнэлж, Япон улсын Засгийн газар болон Японы ард түмэнд ЖАЙКА байгууллагаар уламжлан дахин талархал илэрхийлье. Баярлалаа ЖАЙКА!” хэмээн хэлсэн юм.
Мөн Жайкагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми “Татварын Ерөнхий Газрын дарга Занданбат болон энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга Сато байна. ЖАЙКА, Монголын ТЕГ-ын хамтын ажиллагаааны 20 жилийн ойг тохиолдуулан ЖАЙКА-г төлөөлөн үг хэлэх болсондоо баяртай байна.
Монгол улс 1990 онд Социализмын тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн. Занданбат даргын үгэнд дурдсанчлан, социализмын үед орчин үеийн жишигт нийцсэн татвар хураалтын тогтолцоо байгаагүй учраас зах зээлийн эдийн засагт шилжээд төдийлөн удаагүй байсан Монгол улсад төсвийн орлогын хомсдлоос үүдсэн улсын төсвийн алдагдал нь тулгамдсан томоохон асуудлуудын нэг байсан.

Тийм учраас, ЖАЙКА-нь 1998 оноос эхлэн улсын төсвийн тогтвортой орлого бүрдүүлэлт болон тэгш шударгаар үйлчлэх татварын тогтолцоог бий болгох зорилго бүхий “Монгол улсын зах зээлийн эдийн засгийн шилжилтийг дэмжих хөгжлийн судалгаа”-г хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь ЖАЙКА болон ТЕГ-ын хамтын ажиллагааны эхлэл болсон юм. Төслийн урьдчилсан судалгааны баг 1998 оны 3 сараас 4 сарын хооронд Монголд ажиллаж, хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлох баримт бичигт тухайн үеийн Сангийн сайд асан П.Цагаан, Монголын эдийн засгийн талаар асар өндөр мэдлэгтэй Хитоцүбаши Их Сургуулийн профессор Асанүма Шинжи багш нар гарын үсэг зурж байсан байна.

Тухайн үеийн Монголын ард иргэдийн татвар төлөгч гэдэг ойлголт маш нимгэн байсан төдийгүй, зөв шударга тайлагнал дутуу, татвараас зайлсхийх явдал ч газар авч, байцаагч албан хаагч нар  улсынхаа хөгжлийн үндэс суурь болсон салбарт ажиллаж байна гэсэн ухамсар төдийлөн өндөр биш гэх зэргээр нилээд эмх замбараагүй байсан гэж сонссон. Түүний дараа хэрэгжүүлсэн хамтын ажиллагаагаар дамжуулж, татварын талаархи ард иргэдийн ойлголтыг бага багаар дээшлүүлж чадсан бөгөөд, одоогийн бат бэх татварын тогтолцоог бий болгож чадсан. Ард иргэдийн эдийн засгийн чадамжтай шууд холбогдож ирэх маш хүндрэлтэй асуудал байсан боловч, бодит үр дүнг гаргаж чадсанд туйлын их баяртай байна.

ЖАЙКА-ийн өнөөг хүртэлх хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж ирсний цаана тухайн төслийг хэрэгжүүлсэн ТЕГ-ын үе үеийн удирдлагуудын манлайлал, өөриймсөг байдал,  мөн Японы ТЕГ болон төсөл хэрэгжүүлэхээр томилогдон ирсэн зөвлөх мэргэжилтнүүдийн багуудын хүчин зүтгэлийн гавъяа гэж үзэж байна. Энэхүү завшааныг ашиглан өнөөг хүртэл хамтран ажилласан та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Өнөөг хүртэл бий болгосон орчин үеийн жишигт нийцсэн татварын албаны тогтолцоог цаашид бэхжүүлэхийн сацуу, шинээр тулгамдан гарч ирсэн асуудлыг шийдвэрлэх боломжтой, татвар төлөгчдийн хувьд улам бүр ойртсон, ээлтэй тогтолцоог бүрдүүлж ажиллах нь юу юунаас илүү чухал юм. ЖАЙКА –ийн зүгээс цаашид ч Монголын ТЕГ-ын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа энд цохон тэмдэглэхийн хамт, хоёр талын энэхүү холбоос батжин бэхжихийг хүсэн ерөөж, үгээ төгсгөе” гэлээ.

Уулзалтын үеэр хамтын ажиллагааны 20 жилийн түүхийг танилцуулж, төслийн үйл ажиллагааны талаарх дурсамж, сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн Монголын Татварын албанаас Талархлын хуудас гардуулсан бол Японы талаас шинээр боловсруулсан сургалтын материалыг гардууллаа.

Төслийн талаар товч танилцуулахад, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь Монгол Улсын Татварын албанд 1998-2011 онд төсөл хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд “Татварын нэг цэгийн үйлчилгээ”, “Утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээ” зэргийг нэвтрүүлэн, татварын хөндлөнгийн мэдээллийн сан үүсгэх, бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлсэн төдийгүй татвар хураалт, өрийн удирдлага, татварын хяналт шалгалтыг боловсронгуй болгоход чиглэсэн ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн татварын улсын байцаагчдыг сургах бүсийн сургалтын төвүүдийг Ховд, Өвөрхангай, Дархан-Уул аймагт байгуулсан билээ. Мөн дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр хамтын ажиллагаа улам бүр сайжирч, гарсан үр дүн нь өнөөг хүртэл ач холбогдолтой байгаа бөгөөд төслийн үргэлжлэл болгон Татварын ерөнхий газрын санаачилгаар БСШУЯ-тай хамтран “Татварын боловсрол олгох хөтөлбөр”-ийг Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт амжилттай тусгаж чадсаныг онцлон тэмдэглэх нь зүй.

ЖАЙКА нь Татварын ерөнхий газартай хамтран гадаадын хөрөнгө оруулалтын орчинг бэхжүүлэх үүднээс 2014 оноос өнөөдрийг хүртэл “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус төслөөр олон улсын татварын асуудлаар татварын албаны чадавхийг дээшлүүлэх талаар нэлээд ажил хийсэн бөгөөд давхар татварын гэрээ, түүний хэрэгжилт, үнэ шилжилтийн тухай ойлголт, арга зүйн асуудал, мэдээлэл харилцан солилцох, гадаад ажил гүйлгээнд хяналт шалгалт хийх зэрэг сэдвээр япон мэргэжилтнүүд  25 удаагийн сургалт зохион байгууллаа.

Мөн татвар хураалт, олон улсын татварын асуудлаар холбогдох татварын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар зөвлөмж өгч, “Татвар хураалтын үйл ажиллагааны гарын авлага”, “Татварын өр барагдуулах үйл ажиллагааны гарын авлага”, “Үнэ шилжилтийн хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам”-ын төсөл боловсруулахад хамтарч ажиллалаа. Татварын өрийг үүссэн даруйд нь татвар төлөгчдөд мэдэгдэж, тэдгээрийг цаашид их хэмжээний алданги, торгууль төлөх эрсдэлээс сэргийлж, хуулийн хэрэгжилтийн төвшинг дээшлүүлэх үүрэг бүхий үйлчилгээний төвийг байгуулан ажилтнуудыг нь сургаж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлэв. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөг хүртэлх 20 гаруй  жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 177 татварын улсын байцаагчийг Япон Улсад, 2000 гаруй байцаагчийг дотоодод зохион байгуулагдсан төрөл бүрийн сургалтад хамруулсан байна.
Цаашид Монгол Улсын Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий хууль, ААНОАТ хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид оруулах өөрчлөлтөд шинээр тусгах гүйцэтгэлийн бие даасан эрх, татварын давуу эрх болон татвар төлөлтийг хөнгөвчлөхтэй холбоотой зүйл заалтуудыг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн хамт, олон улсын татвартай холбоотой зүйл заалтуудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад хамтран ажиллаж, үр дүнд нь Татварын хуулийн хэрэгжилт дээшлэн татварын өр барагдуулалт сайжрах, татвар төлөгчийн эрх баталгаажих, гадаадын хөрөнгө оруулалтын орчин тогтвортой болох, олон улсын татвараас зайлсхийхээс сэргийлэхэд чухал алхам болно гэж албаныхан үзэж буйгаа илэрхийллээ.

Э.Энхцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх