Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга болсон таатай мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна.
12-р сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Шэнжен хотод WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлагийнхан оролцсон. Гэхдээ ХБНГУ-ын бүжгийн ”Grun Gold” хамтлагаас Монгол улсын иргэн Нэргүй овогтой Онондарь оролцож Дэлхийн аварга болжээ.
Н.Онондарь нь 21 настай “Спортын сэтгэл судлал”-аар сурдаг. Германы Бременд ирээд жил гаран болж байгаа .
Монголд ” Стар “ хамтлагт бүжиглэдэг байсан. Өмнө нь буюу 6 жилийн өмнө Бремений дэлхийн аваргад Монголынхоо бүжгийн хамтлаг “Стар “хамтлагаараа оролцож байсан. Тэр үед одоогийн Германы энэ байгаа хамтлагаа анх удаа харж, биширч байжээ. Тэр цагаас хойш энэ хамтлагт орж бүжиглэх мөрөөдөлтэй болсон. Мөрөөдөл минь биелэж байгаад итгэхийн аргагүй баяртай байна гэжээ. Тэрээр фэйсбүүк хуудсандаа:
Би “Дэлхийн аваргын алтан медалийг зүүх бүрэн эрхтэй хүн”
Дэлхийн аваргын алтан медалийг энгэртээ зүүх нь маш олон зүйлийг надад урам ухааруулж ойлгуулж өгч буй мэт…17 жилийн минь хөдөлмөр , хөлс хүчээс гадна ганцхан би гэлтгүй миний эцэг эх бас хөдөлмөр энэ медальд бүрэн шингэсэн гэж хэлмээр байна.2018 он тэр чигтээ их олон юмыг дагуулсан, чанга жил байлаа миний хувьд…Хичээл, ажил, бэлтгэл гурвыг нэгэн зэрэг амжуулахаас гадна гол нь сайн гүйцэтгэх нь их чанга байлаа.Уйлаад орондоо орох маш олон өдрүүд байсан ч маргааш өглөө бүр шив шинэ хүн болсон мэт илүү ухаалаг, илүү тэвчээртэй, илүү хүчирхэг болж иржээ.Мэдээж хүний нутаг амжилт гаргая гэвэл бүх зүйл хоёр гурав дахин хэцүү өрсөлдөөнтэй маш хатуу байдаг юм билээ. Гэхдээ одоо л би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна.Үнэхээр сул талуудаа харж мэдэх тусам өөртөө илүү дуртай бас хайртай болдог юм билээ.Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж ч байгаагүй хэцүү саад бэрхшээлүүд дараалан гарч ирсэн ч энэ хүртэл ирсэн замаа, олон жилүүдээ хартал би энэ “Дэлхийн аваргын алтан медалийг зүүх бүхэн эрхтэй хүн “гэжээ.