УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хуралдаан дээр УИХ-ын гишүүд санал бодлоо илэрхийлсээр байна. Ц.Гарамжав гишүүний хэлсэн үг нэгийг бодогдуулж олны анхаарлыг татав.
Тэрээр хэлэхдээ, “Ерөнхий сайд анх томилогдохдоо 30 орчим жил хүлээсэн шударга ёсыг тогтооно гэж амалсан. Үүнийг монголчууд олон жил хүлээж байсан. Гэтэл эдийн засаг нь хямарсан, шударга ёс үгүй болсон энэ улс орноо босгох гэж ажиллаж байгаа Засгийн газраа яагаад унагах гээд байна вэ” гэж асуулаа. “Би уул уурхайн салбарын мэргэжлийн хүн. 35 жил зүтгэсэн энэ салбарт ажилласан. Уул уурхайн салбар бол Монгол улсын эдийн засаг, хөгжлийг авч явж байна. Харин 20 гаруй жил энэ салбарыг бужигнуулж байгаа хүмүүс бол энэ улс төрчид. Зоригтой, хүчирхэг удирдагчтай олон улс байна. Бид ч гэсэн ийм улс орон байхыг хүсч байна. Шударга ёсыг тогтоох гэж байгаа хүнийг огцруулдаг улс юм бол бид энд байх шаардлага алга. Эдийн засаг сэргээд, ажлын байр бий болж, ДНБ нэмэгдээд байхад огцруулна гэж байгааг ойлгохгүй байна.“ гэж анхааруулав.
Ц.Гарамжав гишүүн үнэнийг гуйвуулан ярьдаг,мэдэхгүй зүйлээ мэддэг мэт ярьдаг эрхэм улстөрчдөд хатуухан үг чулуудаж, 28 жил Монголын төрийн эрхийг барихдаа улс орныг бужигнуулсан эрх мэдэлтнүүдийн багийг “хуулав”. Өнөөдөр Монголд хуулийн дагуу уул уурхайн лиценз эзэмшигч 3700 байна. Гэтэл түүний хажуугаар бичил уул уурхайчид,хууль бус олборлогчид гээд байгаль орчныг сүйтгэгчид олширчээ. Яг үнэндээ уул уурхайн салбар бол олон мянган ажлын байр бий болгож,эх орноо хөгжүүлж,тэжээж байгаа. Ийм салбарыг үгийн үзүүрт харааж загнах нь утга учиргүй гэдгийг Ц.Гарамжав гишүүн ухааруулан бухимдлаа. 2016 оноос хойш эдийн засгийг өөд нь татаж,гэрэл гэгээ оруулж,улс орныг өөд нь байлгах гэж хичээж яваа Засгийн газрыг унагаах шаардлага байхгүйг тэрээр онцлов. Үнэндээ, өнөөдөр Монгол орон даяар нийгэм,эдийн засаг, төрд хямрал нүүрлэж хүн бүр ууртай бухимдалтай байна. У.Хүрэлсүхийг огцруулах уу,эс огцруулах уу гэдгийг төр баригчид ярилцаж байхад ард түмний олонх нь түүний талд байна. Юутай ч У.Хүрэлсүхийг огцруулах эсэх тухай ярилцаж буй энэ цаг дор шударга гишүүдэд чухам үнэнийг хэлэх боломж олдож байгаа нь сайн хэрэг болов.
Гарамжав үнэнийг хэллээ. Бодит байдал ийм л байгаа.